Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь 2025 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү,үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн явцын талаарх мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2025 оны 1-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг болно. Өөрөөр мэдээлээгүй бол бүх валют нь Канад доллароор илэрхийлэгдсэн.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “2025 оны нэгдүгээр улиралд Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтийн хүрээнд манай баг хамт олон ихээхэн ахиц дэвшил гарган ажиллалаа. 2025 оны 3-р улиралд анхны алтыг олборлох төлөвлөгөөний дагуу төслийн гүйцэтгэл 92%-тай, төслийн талбайд одоогоор 700 гаруй ажилтан ажиллаж байна.”
“Бид төслийн эхний 10 байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн ба 2-р улиралд үлдсэн дэд бүтцийн байгууламжуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнд ажилтнуудын кемпийн цогцолбор, 240 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон лаборатори багтаж байна. Боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц 90%-тай байгаа бөгөөд шугам хоолой, цахилгаан болон багаж тоног төхөөрөмжүүдийн суурилуулалт, туузан дамжуулагч, бутлах болон нунтаглах хэсгүүдийн угсралтыг бүрэн дуусгах ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэн, уурхайн тоног төхөөрөмж төслийн талбайд ирж эхэлсэн ба операторуудын сургалт, хөрс хуулалтын ажил удахгүй эхэлнэ.”
Тэрээр үргэлжлүүлэн, “2025 оны 1-р улиралд танилцуулсан өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн Баянхөндий ордын өндөр агуулгыг баталгаажуулж, зарим хэсэгт хүдэржилтийг тэлснийг харуулсан. Нэмэлтээр 200 гаруй гүехэн цооногоор өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн ба ирэх саруудад энэхүү хөтөлбөрийн үр дүнг шинэчилсэн уурхайн төлөвлөгөөнд тусгана. Өндөр агуулга, тэлэх боломжтой Баянхөндий орд нь хязгаарлагдмал хайгуул хийгдсэн, өндөр хэтийн төлөв бүхий Хөндий Эрдсийн Дүүргийн суурь төсөл юм” хэмээн дүгнэлээ.
2025 оны 1-р улирлын онцлох үйл явдлууд:
Зураг: цагийн зүүний дагуу: Баянхөндий төслийн талбай, химийн бодисын агуулах, кемпийн цогцолбор, хүдрийн дамжуулагч хэсэг ба боловсруулах үйлдвэр, 2025 оны 5-р сар
Баянхөндий Алтны Төсөл
- Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 2025 оны 3-р сарын 31-ний байдлаар 87%-д хүрсэн.
- 2025 оны 1-р улирлын эцэст төслийн нийт зардалд ойролцоогоор 96 сая ам.долларыг зарцуулсан. Төслийн цар хүрээний өөрчлөлт, тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудаас шалтгаалан нэмэлт зардал гарч болзошгүй ч боломжит санхүүжилтийн хүрээнд зохицуулах боломжтой гэж үзэж байна.
- 2025 оны 1-р улирлын эцэст төслийн талбайд 674 гэрээт ажилтан ажиллаж, 200,000 хүн-цаг тутамд ногдох хөдөлмөрийн чадвар түр алдалт 0, байгаль орчинд ноцтой нөлөөлсөн аливаа тохиолдол бүртгэгдээгүй.
- Үйлдвэр болон үндсэн байгууламжуудын барилгын ажил улирлын эцэст 87%-ийн гүйцэтгэлтэй байна. Бетон цутгалт, бүтээцийн болон архитектурын ажил үндсэндээ дуусаж, гол тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.
- Үйлдвэрийн бус барилга байгууламжууд хуваарийн дагуу 87%, дэд бүтцийн байгууламжууд 87%, эрчим хүчний хангамжийн ажлууд 76%-ийн гүйцэтгэлтэй байна.
- 9 байгууламжийг 2025 оны 1-р улиралд улсын комисст хүлээлгэн өгсөн ба үлдсэн байгууламжуудыг 2025 оны 2-р улиралд шат дараатай ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
- 2025 оны 2-р улиралд бүтээн байгуулалтын дийлэнх хувийг эцэслэн, 2025 оны 3-р улиралд алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
- Баянхөндий төслийн үйл ажиллагааны бэлтгэл ажлууд
- Баянхөндий төслийн олборлолт эхлэхээс өмнө уурхайн тоног төхөөрөмжийн оператор болон засвар үйлчилгээний багийг бүрдүүлж, шаардлагатай сургалтуудыг дуусгасан.
- Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний багийг бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж, тэднийг удирдах ажилтнууд томилогдсон.
- Голлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдан авалт төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
- Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлын хүрээнд:
- Төслийн талбай дээр ажиллаж буй ажилтнуудын ~29% нь Баянхонгор аймгийн иргэд ба дийлэнх нь төсөлтэй хамгийн ойр орших Шинэжинст сумын иргэд. Мөн төслийн нийт ажилтны 23% нь эмэгтэй ажилтнууд байна.
- Баянхөндий төсөл дээр ажиллах хүнд машин механизмын операторын сургалтыг 8 дахь удаагаа зохион байгуулж, орон нутгийн нийт 160 иргэдийг хамруулсан ба операторууд ММС-ийн Ухаа худаг уурхайд дадлагажин ажилласан.
- Орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, техникийн дэмжлэг үзүүлэх, бичил санхүүжилтийн хүүгүй зээл олгох зэргээр хамтран ажиллаж байна.
Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр
- Эрдэнэ Монгол (“ЭМ”) ХХК-ийн 2025 оны өрөмдлөгийн хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргав:
- Ойрын хугацаанд Баянхөндий ордын геологийн нарийвчилсан судалгаа хийж, ил уурхайн зэрэгцээ тэлэх боломжуудыг судлахад төвлөрнө.
- 2025 оны 2-р улиралд 200 гаруй хүдрийн хяналтын цооног өрөмдөхөөр төлөвлөсөн.
- Зуун Мод төслийн хараат бус, шинэчилсэн ашигт малтмалын нөөцийн тооцооллыг боловсруулах зорилгоор RPMGlobal компанитай хамтран ажиллаж байна.
- Тайланг 2025 оны дундуур эцэслэхээр төлөвлөсөн.
- Шинэчилсэн нөөцийн тооцооллыг 2025 оны эцэст боловсруулах урьдчилсан эдийн засгийн үнэлгээнд тусгахаар зорьж байна.
- Зуун Мод төслийн өрөмдлөгийн ажлын төлөвлөгөөг боловсруулсан.
Компанийн тухай
- Компани нь 2025 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $4,500,861 цэвэр алдагдалтай ажилласан ба 2024 оны мөн үеийн $2,678,373 алдагдалтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт байв.
- 2025 оны 3 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд хайгуул, үнэлгээний зардал $973,590-т хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн $783,156 -тай харьцуулахад өссөн байна. Энэ нь Баянхөндий төслийн алтны олборлолт эхлэхтэй холбоотой удирдах албан тушаалтнуудад олгох урамшууллыг урьдчилан төсөвлөсөн, мөн Стратегийн түншлэлийг эцэслэснээр Эрдэнэ Монгол ХХК-ийн зарим ажилтнууд 2024 оны дунд үеэс Эрдэнэ Ресурс-д шилжин ажилласан болон тухайн жилийн урамшууллын зардал нэмэгдсэнтэй холбоотой.
- Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2025 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $1,500,855 байсан нь 2024 оны мөн үеийн $2,777,588-тай харьцуулахад буурсан үзүүлэлт. Энэ нь өмнөх онд ММС-тэй байгуулсан хувьцаа эзэмшигчийн зээлийн гэрээтэй холбоотойгоор төслийн санхүүжилтийн судалгааг зогсоож, өмнө нь хойшлуулан бүртгэж байсан төсөлтэй холбоотой санхүүжилт, бусад зохицуулалтын зардлыг шууд зардалд шилжүүлж, санхүүгийн бүртгэлээс хассантай холбоотой.
- 2024 оны 2-р сард хийсэн санхүүжилтийн дараа Эрдэнэ Монгол ХХК-ийн капиталжуулаагүй хүүгийн зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2025 оны 1-р улирлын байдлаар хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын алдагдал $2,084,431 болсон нь өнгөрсөн оны мөн үеийн алдагдал $257,016-тай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлттэй гарсан байна.
Мэргэшсэн этгээд (геологич)
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын баруун өмнөд бүс дэх Баянхөндий алтны төслийн олборлолтыг 2025 онд эхлүүлэхэд төвлөрч, суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.
Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/