News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг албан ёсоор гарган,  Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг амжилттай эцэслэснийг танилцуулахад таатай байна.

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг гарган, төсөл хөгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч хувийн компани болох MMC-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг эцэслэсэн тухайгаа танилцуулахад таатай байна. Баянхөндий алтны уурхай нь өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно.”

“Баянхөндий алтны төсөл нь Монголын баруун өмнөд хэсэгт хурдацтай хөгжиж буй уул уурхайн бүс нутагт оршдог Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжлийн үндэс суурь болно. Манай оролцогч талууд нь дэлхийн томоохон алт зэсийн ордууд орших бүсэд байрлах өндөр агуулга бүхий Баянхөндий төслөөс гадна Алтан Нар алт-полиметаллын төсөл, Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслүүдээс өгөөж хүртэх боломжтой. MMC нь үндэсний хэмжээнд уул уурхай, барилга, эрчим хүч, тээвэр ложистикийн чиглэлээр мэргэшсэн,  туршлагатай ба Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх хамгийн тохиромжтой түнш юм. Бид хамтдаа Монгол Улсын эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээж, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн Эрдэнэ Ресурсийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны үнэ цэнийг бий болгох болно.”

ММС-тэй байгуулсан Стратегийн түншлэл

Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 1-р сарын 10-нд ММС-тэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу). 2024 оны 1-р сарын 23-ны өдөр Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг нэмж гарган, ММС-д шилжүүлснээр Стратегийн түншлэлийн гэрээ албан ёсоор эцэслэгдлээ.

Стратегийн түншлэлийн гэрээний онцлох нөхцөлүүд:

  • MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (HKEx:975), үнэт цаасаа олон улсад нээлттэй арилждаг Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани юм.
  • MMC нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-д оруулсан.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-ийг эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 700км2-ийн хүрээнд эзэмших тусгай зөвшөөрлүүд дээр 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
  • Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим км-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.

Баянхөндий төслийн бүтээн байгуулалт                                                  

2024 оны 1-р сарын 15-ны өдөр Эрдэнэ Ресурс болон MMC нь Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг албан ёсоор гаргасан. Баянхөндий төслийн хүрээнд 4.0 г/т дундаж алтны агуулга бүхий 513,000 унц батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг олборлох бөгөөд уурхайн ашиглалтын 2 дахь жилээс эхлэн 5 дахь жилийг дуустал жилд дунджаар 87,000 унц алт олборлох төлөвтэй байна. Түүнээс гадна, дүүргийн хэмжээнд илрүүлсэн нөөцөөр боловсруулах үйлдвэрийг тэжээн, уурхайн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой.

Бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэрийг 2023 оны хоёрдугаар хагаст төслийн бэлтгэл ажил дууссаны дараа гаргав. Бүтээн байгуулалт 12% гүйцэтгэлтэй явж байгаа ба энэ хугацаанд боловсруулах үйлдвэрийн бутлуур, бетон зуурмагийн үйлдвэр, түлшний агуулах, түр кемп, барилгын зам, талбайн тэгшилгээ, нарийвчилсан газар шорооны ажлууд, томоохон төмөр бетон суурь, баганын суурилуулалт зэрэг байгууламжуудыг барьсан. Бүтээн байгуулалтын зургуудтай танилцана уу:

Боловсруулах үйлдвэр болон түр байгууламжуудын зураг – 2023 оны 10-р сар

Боловсруулах үйлдвэр болон түр байгууламжуудын зураг – 2024 оны 1-р сар

Бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын (“EPC”) үйлчилгээний гэрээг, Монголын инженерчлэл, барилгын салбарт тэргүүлэгч, М-Си-Эс Проперти ХХК (“MCSP”) буюу ММС-ийн харилцан хамаарал бүхий компанитай хийсэн. Монгол Улсад 25 жилийн турш үйл ажиллагаа эрхэлсэн MCSP нь уул уурхайн салбарын томоохон туслан гүйцэтгэгч. Үүсгэн байгуулагдсанаас хойш MCSP нь Рио Тинтогийн Оюутолгойн далд уурхайн дэд бүтцийг, ММС-ийн Ухаа худаг дахь металлургийн нүүрсний уурхайн үйл ажиллагааны боловсруулах бус дэд бүтцийг тус тус амжилттай барьж байгуулсан. EPC гэрээ нь 54 сая ам.доллараар үнэлэгдсэн нь төслийн шууд зардлын 60 хувийг эзэлж байна. ЭМ нь тээрмийн  тоног төхөөрөмжийг CITIC Heavy Industries, элюцийн тоног төхөөрөмжийг COMO Engineers, фильтерийн тоног төхөөрөмжийг Hot Chengdu компаниудаас тус тус худалдан авч байна. ЭМ нь одоогийн байдлаар төслийн анхан шатны хөрөнгө оруулалтад шаардлагатай 90 сая долларын 74 сая (болзошгүй зардал ороогүй) долларыг санхүүжүүлэх гэрээ байгуулсан .

Бүтээн байгуулалтын үе шатан дахь хамгийн чухал үйл ажиллагааны нэг нь боловсруулах үйлдвэрийн байгууламж юм. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд боловсруулах үйлдвэрийн суурь нь тавигдсан. Боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2024 оны эцэст дуусаж, 2025 оны 1-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөж байна. Төслийн хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн.

Түүнээс гадна, ЭМ нь ММС-ийн харилцан хамаарал бүхий MCS international (“MCSI”)-тай эрчим хүч худалдан авах гэрээ (“PPA”) байгуулсан. PPA-ийн нөхцөлийн дагуу MCSI нь 14.5 мегаваттын (“МВт”) хүчин чадалтай дизель, 5 МВт-ын нарны эрчим хүчний хураагуур, 3 МВт/цаг эрчим хүч хадгалах систем зэргээс бүрдсэн хосолсон станцын дэд бүтцийг барьж, эзэмших ба “take-or-pay” (хэрэглээнээс үл хамааран гэрээний дүнгээр төлбөр төлөх) зарчимд үндэслэнэ. Төслийн долоон жилийн хугацаанд  гэрээний дүн нь нийт 44 сая ам.доллар болох ба энэ нь Баянхөндий ордын ашиглалтын төсөвт тусгагдсан дизель түлшний өртгийг багтаахгүй тооцсон дүнд тохирч байна. PPA-ийн хүрээнд MCSI нь цахилгаан дамжуулах агаарын шугамаар (“OHTL”) цахилгаан эрчим хүчийг хангах боломжтой бөгөөд энэ нь ЭМ-ын урьд нь төлөвлөсөн хосолсон цахилгаан үүсгүүрийн системийн нөхцөлийг бууруулахгүй. OHTL-аар дамжуулан эрчим хүчтэй холбогдсоноор нэмэлт зардал багатай эрчим хүчийг ашиглах боломжийг олгож, дизель түлшний үнийн эрсдэлд өртөх магадлалыг бууруулна.

Баянхөндий алтны төсөлд ММС-ийн стратегийн түншлэлийн хүрээнд оруулсан 40 сая ам.долларыг багтаан нийт 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Эрдэнэ Ресурс болон ММС нь бүтээн байгуулалтыг эцэслэхэд шаардагдах үлдэгдэл санхүүжилтийн талаар хэлцэл хийж байгаа ба 2024 оны 1-р улиралд багтаан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

Компанийн тухай  

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:            (902) 423-6419

И-мэйл:        info@erdene.com

Twitter:         https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:       https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой