News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) 2024 оны 6 сарын 30-наар дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн ба үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн тухай мэдээллийг хүргэж байна. SEDAR болон компанийн вэбсайт дээр байршуулсан 2024 оны 2-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “2024 оны хоёрдугаар  улиралд бид  Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, хайгуулын ажлуудыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.”

“6-р сарын эцэст Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл ~30%, үндсэн байгууламж болох боловсруулах үйлдвэр 40%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, үндсэн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд тээвэрлэгдэн ирж, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Төслийн бүтээн байгуулалтын үеэр тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудтай тулгарсан боловч 2025 оны дундуур алтны олборлолтыг эхлүүлэх ерөнхий хуваарь болон төсвийн дагуу үргэлжилж байна.”

Петер Акерли үргэлжлүүлэн: “Хайгуулын хөтөлбөрийн хүрээнд Хөндий болон Зуун Мод тусгай зөвшөөрлийн талбайд хэд хэдэн алтны хэтийн төлөв бүхий шинэ талбайг тодорхойлсон. Баянхөндий төслийн талбайд эхний жил олборлох өндөр агуулга бүхий хүдрийг баталгаажуулах болон уурхайн хязгаарыг баруун зүгт тэлэх судалгаа, өрөмдлөгийг гүйцэтгэж байна. Дээрх хөтөлбөрийн үр дүнг 2024 оны гуравдугаар улиралд мэдээлнэ.”

2024 оны 2-р улирлын онцлох үйл явдлууд:

Зураг:  Баянхөндий төслийн талбай – 2024 оны 8 дугаар сар

Баянхөндий Алтны Төсөл

  • Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 2024 оны 2-р улирлын эцэст ~30% байна. 
    • 2024 оны 6-р сарын эцэст төслийн нийт зардалд ойролцоогоор 60 сая ам.долларыг зарцуулсан байна.
    • Төслийн бүтээн байгуулалт ерөнхий хуваарийн дагуу үргэлжилж байна – 2024 оны эцэст бүтээн байгуулалтын дийлэнхийг эцэслэн, 2025 оны дундуур анхны алтыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
    • Үйлдвэр болон үндсэн байгууламжуудын барилгын ажил улирлын эцэст ~40%-тай байна. Голлох тоног төхөөрөмжийн угсралтын ажлуудыг бөмбөлөгт болон хагас өөрөө нунтаглах тээрмүүдээс эхлүүлсэн.  
    • Улирлын эцэст төслийн талбайд 500 орчим ажилтан ажиллаж байгаа ба байгаль орчин, хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 1.5 гаруй сая хүн/цаг ажилласан амжилттай байна.
  • Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлын хүрээнд:
    • Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласан.
    • Хүнд машин механизмын операторын сургалтыг зохион байгуулж, орон нутгийн 120 иргэдийг хамруулсан ба ММС-ийн Ухаа худаг уурхайд дадлагажин, ажиллаж байна.
    • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байна.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр

  • Хар Морь болон Зуун Мод талбайд гадаргын чулуулгийн дээжлэлт хийсэн.
    • Хар Морь талбайд гүйцэтгэсэн дээжлэлтээр хэд хэдэн дээжид алт (37.7 г/т алтны агуулга хүртэл), мөнгөний (100 г/т мөнгөний агуулгаас дээш) өндөр агуулга илрүүлж, ирээдүйн хэтийн төлөв бүхий бүсүүдийг тодорхойлсон.
    • Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун зүгт 4.5 км-т шинэ алтны хэтийн төлөв бүхий бүсийг нээн илрүүлсэн.
  • 7 сарын 21-нд Баянхөндий төслийн талбайд 2,400 метрийн хайгуулын болон агуулгын хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн.
    • Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Баруун Хөндий бүсэд уурхайн хязгаарын ойр, газрын дөт гүнд өндөр агуулга бүхий нөөцийг баталгаажуулах, одоогийн мэдэгдэж буй алтны хүдэржилтийг тэлэхэд оршино.
  • Хайгуулын багт дэмжлэг үзүүлэх техникийн зөвлөхөөр Келли Клуэрийг томилсон.
    • Келли Клуэр нь 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд үүнээс 10 гаруй жилд Монгол Улсад алтны томоохон хоёр ордыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд төвлөрч ажилласан.
    • Саяхан тэрээр дэлхийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч Кинросс (Kinross) компанид ахлах удирдлагын албыг хашиж байсан.

Компанийн тухай

  • Компани нь 2024 оны 6 сарын 30-ны өдөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд $1,868,814 цэвэр алдагдалтай байсан ба 2023 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд  $2,507,581 цэвэр алдагдалтай байв.
    • 2024 оны 6 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гурван сарын хугацаанд хайгуул, үнэлгээний зардал $596,590 байсан нь 2023 оны мөн үеийн $478,599-тай харьцуулахад ажилтнууд болон оффисын зардал өссөнтэй холбоотойгоор нэмэгдсэн. Учир нь эдгээр зардлуудыг  өнгөрсөн хугацаанд Зуун Мод тусгай зөвшөөрөлд капиталжуулдаг байсан бол энэ улиралд зардалд тооцсонтой холбоотой. Мөн ажилтнуудын жилийн гүйцэтгэлийн болон опционы урамшууллыг 2023 онд 2-р улиралд олгосныг энэ онд 1-р улиралд олгож нөхөгдсөн.   
    • Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2024 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $667,030 байсан нь 2023 оны мөн үеийн $1,391,454-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэ нь ажилтнуудын жилийн гүйцэтгэлийн урамшуулал, опционы урамшууллыг 2023 оны 2-р улиралд олгосон бол 2024 онд 1-р улиралд олгосонтой холбоотой.
    • Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтаас үүдсэн алдагдал 2024 оны 6 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $644,607 байсан ба өнгөрсөн оны мөн үед $696,325 байв. Энэ нь 2024 оны 2-р сард Эрдэнэ Монгол ХХК-д оруулсан санхүүжилтийн хүүгийн өсөлт нь стратегийн түншлэлийг эцэслэсэнтэй холбоотой Эрдэнэ Ресурсийн өмчлөлд орсон өөрчлөлтөөс өндөр байгаатай холбоотой.

Мэргэшсэн этгээд (геологич)

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:             (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:          https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:       https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

 

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой