News Releases

Related Documents

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрүүд, Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт болон 2023 оны 3 сарын 31-ээр дуусгавар болсон санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа. SEDAR болон компанийн вебсайт дээр байршуулсан 2023 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” буюу “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй нэг хэсэг болно.

Тодруулга:

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “2023 оны нэгдүгээр улирал нь Эрдэнэ Ресурсийн хувьд Баянхөндий алтны төслийг бүтээн байгуулалт руу нэг шатаар ахиулсан үр бүтээлтэй үе байлаа. MMC-тэй хийсэн стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг хаасантай холбоотой барилгын ажлыг эрт эхлүүлэн, 2023 оны хоёрдугаар хагаст тѳслийн бүтээн байгуулалтын шийдвэр гаргахаар төлөвлөж байна.”

“Нэгдүгээр улиралд бид Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлж, Зуун Мод молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Тус хөтөлбөрөөр ашигт малтмалын хайгуул, гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг гүйцэтгэж байна. Олон улсад ногоон эрчим хүчний шилжилтийн нөлөөнөөс хамаарч молибдений үнэ тогтвортой, зэсийн эрэлтийн хэтийн төлөв өндөр байгаа тул Зуун мод төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төлөвлөв. Зуун мод төслийн эхний үе шатны өрөмдлөгийн ажил дуусмагц ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳр нь Баянхѳндийн ил уурхайн ойролцоо өндөр агуулгатай алтны шинэ хэтийн төлөвийг тодорхойлж, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөл, хайгуулын ажилд тѳвлѳрнѳ.”

2023 оны 1-р улирлын онцлох үйл явдлууд:

Баянхөндий алтны төсөл

  • Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл, инженерчлэлийн ажлууд үргэлжилж байна:
  • Үйлдвэрээс бусад 14 барилга байгууламжийн 12-ын нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн ажлуудыг гүйцэтгэсэн
  • Бүтээн байгуулалт, уурхайн төлөвлөлт, баяжуулалтын оновчлолын тооцоолол судалгааг гүйцэтгэсэн.
  • Чухал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой үнийн саналыг шинэчлэн, хүлээн авсан.
  • Дотоод ТЭЗҮ-ийг шинэчилсэн бөгөөд NI 43-101 ТЭЗҮ тайланг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
  • MMC болон Гложекс Консалтинг компанитай хамтран эрдсийн нөөц, уурхайн төлөвлөгөө, флотын оновчлол, дотоод судалгаанд зориулан ашиглалтын зардлын тооцоог шинэчилсэн.
  • NI 43-101 стандартын ТЭЗҮ тайланд зориулан нарийвчилсан гидрогеологи, металлург, геотехникийн ажлууд хийгдэж байна.
  • Шинэчлэгдсэн NI 43-101 ТЭЗҮ тайланг 2023 оны хоёрдугаар хагаст эцэслэхээр төлөвлөсөн. 
  • Бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай тѳрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлүүдийг авсан:
  • Төслийн 12 томоохон байгууламжийн зөвшөөрөл, 8 байгууламжийн барилгын зөвшөөрлийг авсан
  • Төслийн 2023 оны үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳг захиргааны байгууллагаар баталгаажуулсан.
  • 2023 оны орон нутгийг дэмжих хөтөлбөрүүдийг эхлүүлсэн.
  • Хоёрдугаар улирлын эхэнд компанийн салбар нэгжийг Баянхонгор аймагт бүртгүүлэв.
  • Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө орон нутагт нээлттэй өдөрлөг зохион байгуулсан.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуул

  • 2023 оны 4 сард Зуун Мод төсөл дээр 4,000 метр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлсэн.
  • Өнөөгийн нөөцийн талбайг тэлэх боломжийг судлах эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэнэ.
  • Өрөмдлөгийн үр дүнгүүдийг 2-р улирлын сүүлээр танилцуулна.
  • 11,000 метрийн алтны хайгуулын хөтөлбөрийг тодорхойлох бэлтгэл ажлууд хийгдсэн.
  • Хөтөлбөрийг Хар Морь талбайд голлон гүйцэтгэнэ.
  • Хөтөлбөрөөр өнөөгийн тайлагнасан боломжит нөөцийг баталгаажуулах нэмэлт өрөмдлөг, нөөцийг тэлэх зорилгоор өндөр хэтийн төлөв бүхий бүсийг судлахаар зорьж байна.  

Компанийн тухай

  • ММС-тэй хийсэн стратегийн түншлэлийн 2 үе шатыг амжилттай дуусган, нийт 10 сая ам.долларын санхүүжилт хүлээн авсан.
  • MMC нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн Борлуулалтын орлогын тѳлбѳр (БОТ) авах нөхцөлтэй. Түүнээс гадна, Зуун Мод төслийг 100% эзэмшсэн хэвээр байна.
  • Түншлэлийн гэрээний эхний үе шат 2023 оны 1 сард, хоёрдугаар үе шат 2023 оны 5 сарын эхээр тус тус хаагдсан.
  • Канадын Экспорт Хѳгжлийн Агентлаг болон бусад олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай Баянхѳндий алтны тѳслийн санхүүжилттэй холбоотой судалгааг гүйцэтгэж байна.
  • Канадын Экспорт Хѳгжлийн Агентлагийн зээлийн нѳхцлүүд дээр тохиролцоонд хүрсэн ба шинэчлэгдсэн 43-101 стандартын ТЭЗҮ эцэслэгдсэнээр буюу 2023 оны дундуур нарийвчилсан судалгаа дуусахаар хүлээгдэж байна.
  • Дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн нэмэлт зээлийн судалгааг олон улсын болон Монголын санхүүгийн байгууллагууд гүйцэтгэж байна.
  • 2023 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улиралд компанийн нийт алдагдал $1,138,937 байсан ба 2022 оны мөн үед $1,231,156 байв.
  • Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь 2023 оны 3 сарын 31-ний байдлаар $1,437,182 байсан нь 2022 оны мөн үеийн $2,904,572-той харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэ нь шинэчилж буй ТЭЗҮ-ийн зардал нь хээрийн үйл ажиллагаа, зураг төсөл, инженерчлэлийн ажлууд ба  2022 оны эхээр элюцийн хэлхээний урьдчилсан төлбөр буурсан болон орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний төлбөрийн хугацаа зэргээс хамаарч бага байсантай холбоотой.
  • Компанийн ерөнхий ба захиргааны зардал нь 2023 оны 3 сарын 31-ний байдлаар $580,111 байсан нь 2022 оны мөн үеийн $445,446-тай харьцуулахад өссөн үзүүлэлт байна. Энэ нь амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой захиргааны цалин, урамшууллын зардал болон MMC-тэй хийсэн түншлэлийн гэрээний хэлцлийн үеийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.

ММС-тэй хийсэн стратегийн түншлэл

2023 оны 1-р сард Компани нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэл байгуулсныг мэдээлсэн. MMC нь Монголын нүүрсний салбарт баяжуулсан коксжих нүүрс олборлон, экспортлогч, хувийн хэвшлийн хамгийн том төлөөлөл. MMC нь Монгол Улсын Өмнөговь аймагт байрлах Ухаа худаг (“УХ”), Баруун наран (“БН”) коксжих нүүрсний уурхайд тус тус үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид (HKEx:975) нээлттэй арилжаалагддаг бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 400 орчим сая ам.доллар байна.

MMC-ийн гол хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын тэргүүлэгч групп компаниудын нэг болох М-Си-Эс Групп юм. М-Си-Эс нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад инженерчлэл, эрчим хүч, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрүүл мэнд, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд нийт 10,000 гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг.

Эрдэнэ Ресурсийн геологи хайгуул, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын чадвар, MMC-ийн олборлолт болон үйл ажиллагааны туршлага, М-Си-Эс групп компаниудын дэд бүтэц, эрчим хүчний шийдлүүдийг хангах боломжуудыг нэгтгэн, Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлж, бүх оролцогч талуудад өгөөжийг бий болгох платформыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Стратегийн түншлэл ба Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн дагуу ММС нь 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттайгаар хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ. Ингэснээр Эрдэнэ Ресурс нь ЭМ-ын 50%-ийг эзэмших бөгөөд ЭМ-ын эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолтын эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон тусгай зөвшөөрлүүдээс 5 км-ийн зайд ирээдүйд явуулах боломжтой олборлолтын үйл ажиллагааны 5%-ийн БОТ-ийг авах нөхцөлтэй. Зуун Мод молибден-зэсийн төслийг 100% эзэмшсэн хэвээр байна.

Эхний үе шатыг 2023 оны 1 сарын дундуур эцэслэж Баян Хөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ болон УАХ-ны төлөвлөгөөг санхүүжүүлэх 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хөрвөх нөхцөлтэйгөөр авсан. Монголын геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани болох Гложекс Консалтинг нь 2020 оны дундуур хийгдсэн ТЭЗҮ-ийн дотоод шинэчлэлтийг бэлтгэхээр Эрдэнэ Ресурс болон ММС-тэй хамтран ажилласан.

4-р сарын сүүлээр дотоод судалгааны шинэчлэлтийг эцэслэснээр MMC нь 5 сарын 2-ны өдөр ЭМ-д 5 сая ам.долларыг шилжүүлж, хоёрдугаар үе шатыг амжилттай хаасан. Тус санхүүжилтийг ТЭЗҮ-г эцэслэх, хайгуулын болон бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажлуудад зарцуулна.

Гурав дахь үе шатанд, тѳслийн бүтээн байгуулалтын шийдвэр гарснаар Баянхөндий алтны төслийн хувьцаат капиталын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 3-р улиралд ММС нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Мэргэшсэн этгээд (геологич)

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал  

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих:

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:              (902) 423-6419

И-мэйл:         info@erdene.com

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой