News Releases

Related Documents

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (цаашид “Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани” гэх) нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд алтны ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн талаар шинэ мэдээллийг танилцуулахад таатай байна.

Тодруулга:

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баянхөндий алтны төслийн газар шорооны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн, эцэслэснээр хөгжүүлэлтийн үе шатыг нэг алхмаар ахиулж байна. Уламжлалт аргаар олборлон, ирээдүйд хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой боловсруулах технологи ашигласнаар бага өртгөөр хөгжүүлэх боломжтой энэхүү төсөл нь хөрөнгө оруулагчид, оролцогч талуудад үнэ цэнийг бий болгон, хөрөнгө оруулалтын хөшүүрэг болно.”

“Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-д үндэслэн төслийн санхүүжилтийг эцэслэснээр бүтээн байгуулалтын шийдвэр гаргана. Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн үр дүнд бид 2025 онд анхны алтыг олборлож, мөнгөн урсгалыг бий болгохоор төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх бусад ордуудыг хөгжүүлэн, шинэ нээлт хийх хайгуулын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх болно.”

Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд

Эрдэнэ Ресурс нь 2023 оны 2-р улиралд ММС-ийн хамаарал бүхий компани болох М-Си-Эс Пропертис (“MCSP”)-тэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн. MCSP нь Монгол Улсын инженер болон барилгын томоохон компаниудын нэг бөгөөд 1,500 гаруй ажилтан, үүнээс 225 инженерийн боловсон хүчинтэй. 1999 онд байгуулагдсан энэхүү компани нь уул уурхайн салбарын томоохон оператор бөгөөд Оюутолгойн зэс-алтны уурхай болон ММС-ийн Ухаа худаг коксжих нүүрсний уурхайн дэд бүтцийн ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

Бэлтгэл ажлын гэрээний хүрээнд эцсийн зураг төсөл, инженерийн ажил, кемп болон түр байрлах барилга байгууламж, шатахуун түгээх станц, бетон зуурмагийн үйлдвэр болон газар шорооны ажил ажлууд багтана. Тус гэрээний дагуу бетон зуурмагийн үйлдвэр байгуулагдсан, барилгын оффис болон ажилчдын байрлах байрууд баригдсан, мөн их хэмжээний газар шорооны ажлууд хийгдсэн, үүнд тѳслийн талбай тэгшилгээ, баяжуулах үйлдвэрийн суурь малталт зэрэг ажлууд ахицтай явж байгаагаас гадна уурхайн дотор болон гаднах замын сайжруулалтын ажлууд хийгдэж байна. Төслийн бэлтгэл үе шат нь барилгын ажлын 5 орчим хувийг бүрдүүлнэ. Бэлтгэл ажлын зургийг энэхүү хэвлэлийн мэдээллийн хавсралтаас харна уу. Бэлтгэл ажлын хүрээнд Баянхөндий төслийн талбайд осол эсвэл байгаль орчны зөрчилгүйгээр 80,000 орчим хүн цагийг одоогоор гүйцэтгэсэн байна.

Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын амжилттай гүйцэтгэлд үндэслэн Эрдэнэ Ресурс нь барилгын инженерчлэл, ханган нийлүүлэлт болон барилга угсралтын (EPC) гэрээг MCSP-тэй байгуулахаар хэлэлцээр хийж байгаа ба 2023 оны 4-р улирлын эхээр эцэслэхээр тѳлѳвлѳж байна. Үүнээс гадна Эрдэнэ Ресурс нь төслийн эрчим хүчний хэрэгцээг хангахаар Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэгч компанитай хэлэлцээр хийж байна.

 

Баянхөндийн шинэчлэгдсэн NI 43-101 техникийн тайлан

Эрдэнэ Ресурс нь 2023 оны 8-р сарын 15-нд Баянхөндийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-г танилцуулсан. Энэхүү ТЭЗҮ-ийг NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартын дагуу боловсруулсан. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлж, геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн.

ТЭЗҮ-ийн онцлох мэдээллийг дор дурдсан ба дэлгэрэнгүй мэдээллийг компанийн 2023 оны 8-р сарын 15-нд нийтэлсэн хэвлэлийн мэдээнээс харах боломжтой (алтны үнийг тусгайлан заагаагүй тохиолдолд алтны үнийг US$1,800/унц байхаар тооцсон). Техникийн тайланг 2023 оны 9-р сарын сүүлээр SEDAR-т байршуулна.

  • Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалтаар) (NPV5%) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өснѳ
  • Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (EBITDA) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$1,900/унц)-д тулгуурлавал $495 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.
  • Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.
  • Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $88 сая ам.доллар ба үүн дээр 12%-ийн болзошгүй зардал болон $2 сая долларын үйлдвэрлэлийн өмнөх зардлууд нэмэгдэнэ.
  • 2.6 г/т дундаж алтны агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж мөнгөний агуулгатай 319,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.
  • 4 г/т дундаж алтны агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж мөнгөний агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.
  • Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц алт, уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно.
  • Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил, үүнд: бүтээн байгуулалт 1 жил, Баянхөндий ордын ашиглалтын хугацаа 6 жил 9 сар, уурхайн хаалтын хугацааг 1 жилээр тѳлѳвлѳсѳн.
  • Төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий нөөцтэй талбай, шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
  • Монгол улсын нийгэм, эдийн засагт оруулах ѳгѳѳж ѳндѳр, уурхайн ашиглалтын хугацаанд Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ), Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ) ба бусад татвар, хураамжид нийт 143 сая ам.доллар тѳлж, Баянхонгор аймагт 500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.

 

ММС-тэй байгуулсан Стратегийн түншлэл болон Төслийн санхүүжилт

Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 1-р сарын 10-нд ММС-тэй Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан (Хэвлэлийн мэдээтэй дараах линкээр танилцана уу).  Стратегийн түншлэлийн гэрээний онцлох зүйлс:

  • MMC нь Хонг Конгийн хөрөнгийн биржид (HKEx:975) үнэт цаасаа арилждаг Монгол Улсын хамгийн том, олон улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм.
  • MMC нь гурван үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авах нөхцөлтэй.
  • Түншлэлийн эхний 2 үе шат болох 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 2023 оны 1 болон 5-р саруудад техникийн судалгаа, ТЭЗҮ, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон Баянхөндий алтны төслийн хайгуулын хөтөлбөрт зориулан хийсэн.
  • Стратегийн түншлэлийн 3-р үе шат нь бүтээн байгуулалтын шийдвэрийг гаргаснаар ММС нь 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, Баянхөндий алтны төслийн санхүүжилтийн хувьцаат капиталын хэсгийг бүрэн хангана.
  • Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн Гүйцэтгэх захирал болон Хѳгжүүлэлт хариуцсан захирал, ММС нь ЭM-ийн Үйл ажиллагаа болон Санхүү хариуцсан захирлуудыг тус тус томилно.
  • Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос зүүн зүгт 30 орчим километр-т орших Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн төслүүдийг 100% эзэмшсэн хэвээр байна.

Бүтээн байгуулалтын албан ёсны шийдвэр гарахаас өмнө хөрөнгийн тэнцлийг хангахын тулд 2023 оны 8-р сарын 30-ны өдөр Эрдэнэ Ресурс болон ММС “Хөрөнгө оруулалтын гэрээ”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд 30 сая ам.долларын гурав дахь үе шатны 15 сая ам.долларыг бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх зорилгоор санхүүжилт хийхээр шийдсэн. Үлдсэн 15 сая ам.долларыг барилгын шийдвэр гарсны дараа ММС шилжүүлэх бөгөөд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний бусад үндсэн нөхцөл өөрчлөлт ороогүй.

Олон улсын санхүүгийн хоёр байгууллага шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн талаар зохих судалгааг хийж байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн зээлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр байгууллагууд нь Оюутолгойн зэс-алтны төслийн томоохон санхүүжүүлэгчдийн тѳлѳѳлѳл бөгөөд Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Санхүүжилтийн багцын ойролцоогоор 65%-г зээлээр санхүүжүүлэхээр төсөөлж байгаа ба 2023 оны сүүлээр эцэслэгдэх төлөвлөгөөтэй байна.

Төлөвлөгөөт ажлууд

Төслийн санхүүжилтээс гадна ирэх саруудад дараах ажлуудад төвлөрнө:

  • Бүтээн байгуулалтын бэлтгэл, газар шорооны ажлыг үргэлжлүүлэх;
  • Төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын (EPC) гэрээ байгуулах;
  • Төслийн цахилгаан, эрчим хүч худалдан авах гэрээг эцэслэх;
  • Инженерчлэлийн нэмүү ѳртѳг багтаасан төслийн гүйцэтгэлийн хуваарийг оновчлох;
  • Эрдэнэ Ресурс, ММС-ийн ТУЗ-өөс бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрөл авах;
  • Хөндий Эрдсийн Дүүргийн нөөцийг нэмэгдүүлэхээр хайгуулын ажлуудыг үргэлжлүүлж, геологийн нөөцийг үйлдвэрлэлийн нөөц болгох зэрэг багтаж байна.

Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол

Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн санхүүгийн загвартай холбоотой мэдээлэл нь O2 Mining Limited-ийн ажилтан Марк Рэйнолдс (“Mark Reynolds”)- ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. Энэхүү хэвлэлийн мэдээ дэх Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн хѳрѳнгѳ оруулалт ба үйл ажиллагааны зардлын тооцоотой холбоотой мэдээлэл нь FAusIMM ба O2 Mining Ltd компанийн захирал Жулиен Лауренс (Julien Lawrence)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. Энэхүү хэвлэлийн мэдээ дэх Баянхөндий ордын ТЭЗҮ-ийн боловсруулах үйлдвэрийн загварчлал болон алт авалтын аргачлалтай холбоотой мэдээллийг FAusIMM-ийн гишүүн ба О2 Майнинг ХХК-тай хамтран ажилладаг Жеффри Жардин (Jeffrey Jardine)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд үндэслэсэн болно. Хэвлэлийн мэдээ дэх Баянхѳндий ордын нѳѳцийн тооцооллыг AGP Mining Consultants Inc-ийн ажилтан Пол Даигл (“Paul Daigle”), P.Geo, боловсруулж, баталгаажуулсан. Баянхѳндийн геологийн нѳѳцийн тооцооллыг Австралийн газар зүйн шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн, RPM Global компанийн ажилтан БатОчирын Оюунбат (“Oyunbat Bat-Ochir”) боловсруулж баталгаажуулсан. Баянхѳндийн үйлдвэрлэлийн нѳѳцийн тооцооллыг Жулиен Лауренс (Julien Lawrence)-ийн боловсруулсан, хянасан мэдээлэлд суурилсан болно. н.Рэйнолдс, Лауренс, Жардин, Даигл ба Бат-Очир нар нь энэ тѳрлийн орд болон эрдэсжилтийн тѳрлийн талаар өндөр мэдлэг туршлагатай, NI 43- 101-т тодорхойлсон мэргэшсэн мэргэжилтнүүд юм. Ноён Рэйнолдс, Лауренс, Жардин, Даигл ба Бат-Очир нар нь Эрдэнэ Ресурстай холбоотой ашиг сонирхлын зѳрчилгүй.

Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжилгээнд оруулсан. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон. 5 г/т алтны агуулгаас дээш агуулга илэрсэн дээжүүдэд алтны шигшүүрийн шинжилгээ (screenmetallic gold analysis) хийсэн ба энэ нь 500 г дээжний 75 микроноос бага байх 30 г бүхий 3 дээж болон 75 микроноос том байх хэсгүүдэд хийгдсэн алтны хайлуулах (fire assay) шинжилгээнүүдийн жигнэсэн дунджаар илэрхийлэгддэг.

Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцганд үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн хийж Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК гүйцэтгэдэг.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн вебсайт www.erdene.com-оос авч танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэгтул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээллийг авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал  

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй.

 

Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.

 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас:            (902) 423-6419

И-мэйл:        info@erdene.com

Twitter:         https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:       https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

YouTube:      https://www.youtube.com/channel/UCILs5s9j3SLmya9vo2-KXoA

МЭДЭЭ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой