Танилцуулга
Зуун Мод - молибден ба зэсийн төсөл нь Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй хамгийн том молибденийн төслүүдийн нэг ба дэлхийн хамгийн том молибденийн хэрэглэгч улс болох БНХАУ-ын хилээс 200 км зайд, Баянхөндий алтны төслөөс 35 км зайд байрладаг. Компанийн 100% эзэмшилд байдаг Зуун Мод порфирийн орд нь 16 километрийн диаметр бүхий, молибденийн хүдэржилтийн өргөн бүсийг агуулсан байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 30 жилийн хугацаатай олгогддог ба 20 жилээр хоёр удаа сунгаж болно.

Өмнөд Коридор гэгдэх порфирийн системийн гурван километр урт үргэлжлэх хэсэгт Эрдэнэ Ресурс Хойд Рэйстрак (RTN), өмнөд Рэйстрак (RTS), Штокверк гэсэн хүдэржилтийн гурван бүсийг илрүүлсэн. Эдгээр бүсүүдэд хийсэн өрөмдлөгийн хөтөлбөрөөр газрын дөт гүнд зузаан давхарга бүхий хүдэржилтийн бүсүүдийг огтолсон ба гүндээ нээлттэй.
2025 оны 9 сард SLR Consulting Australia Pty Ltd (“SLR”) компани Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны хүрээлэнгийн (CIM) удирдамж болон Ашигт малтмалын төслийн мэдээллийн тайлагналын стандарт (NI 43-101)-ын дагуу ашигт малтмалын нөөцийн тооцооллыг боловсруулсан. Шинэчилсэн ашигт малтмалын нөөцийн тооцооллоор Зуун Мод ордын Баттай болон бодитой нөөцөд 0.056% дундаж молибденийн агуулга, 0,064% зэсийн дундаж агуулга бүхий 271 сая тонн хүдэр тооцоолсон. Молибденийн захын агуулгыг 0.0035% тооцоолсон ба 333.5 сая фунт молибден, 384.2 сая фунт зэс агуулсан. Мөн Зуун Мод ордын боломжтой нөөцөд 0.051% молибденийн дундаж агуулга, 0.059% зэсийн дундаж агуулга бүхий 269 сая тонн хүдэр тооцоолсон. Энэ нь 300 сая фунт молибден, 350.7 сая фунт зэсийн металл агуулсан. Зуун Мод төсөл нь Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй хамгийн том молибден-зэсийн ордуудын нэг юм.

2023 онд Зуун Мод төслийн талбайд 4100 тууш метрийн 12 цооног өрөмдсөн. Төв ордын бүсээс баруун зүгт 1 км-т зүүнээс баруун тийш 600 метр хамарсан талбайд гурван цооног өрөмдсөн ба үр дүнд аномаль молбиден, зэс ба мөнгөний утга илэрсэн. Хайгуулын цооног болох молибденийн хүдрийн биетээс хойд зүгт 1.7 км-т өрөмдсөн цооногт их хэмжээний молибденийн хүдэржилт огтолсон нь порфирийн цогцолборт нийтлэг тохиолддог порфирт гранодиорит агуулсан. 2024 оны эхэнд гүйцэтгэсэн гадаргын дээжлэлтээр тусгай зөвшөөрлийн талбайд шинэ алтны хэтийн төлөв бүхий талбайг илрүүлсэн ба энэ нь Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун зүгт 4.5 км-т байрлаж байна.
Өнөөг хүртэл Зуун Мод төсөл дээр гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрүүд нь босоо (-90О) болон босоо чиглэл давамгайлсан (-85О) чиглэлтэй хийгдсэн. Үүнээс харахад, өрөмдлөгийн мэдээлэлд босоо чиглэл давамгайлсан судлууд нь харьцангуй дутуу төлөөлөгдсөн байх магадлалтай. Компани нь 2025 оны 4-р улиралд налуу (-60 О г.м) цооног ашиглан, чиглэлт өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Энэхүү өрөмдлөгөөр судлын чиглэлийн мэдээллээс гадна босоо чиглэл давамгайлсан судлын систем дэх судлуудын давтамжийг тодорхойлох зорилготой. Өрөмдлөгийн үр дүнд тулгуурлан Зуун Модын нөөцийг хэмжээ болон агуулгын хувьд мэдэгдэхүйц өсгөх боломжтой хэмээн үзэж байна. Зуун Мод тусгай зөвшөөрлийн талбайд 16 км тойрог бүхий порфирийн цогцолборт хэд хэдэн зэс, молибден, алтны илрэл тогтоогдоод байна.
Мөн 4-р улиралд төлөвлөсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун хойд зүгт 2.2 км-т орших Хөвийн Хар зэсийн хэтийн төлөв бүхий талбайг шалгана. Геологийн зураглал, хувирал болон судлын нягтралын зураглал, геофизикийн судалгаа, хязгаарлагдмал өрөмдлөгийн үр дүнд 900 метр үргэлжлэх өргөн хэмжээний зэсийн хүдэржсэн бүсийг тодорхойлсон. Газрын гүнд хийсэн өрөмдлөгийн үр дүнд 300 метрийн гүнд 1.3% зэс, 9.2 г/т мөнгөний агуулга бүхий 34 метрийн зэс-мөнгөний хүдэржилт бүхий интервал огтолсон.
Мөн төлөвлөсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөс гадна боловсруулалтын туршилт, ашиглалт ба дэд бүтцийн үнэлгээ болон зах зээлийн судалгааг давхар гүйцэтгэж байна.
Молибденийн зах зээлийн үнэ 2016 оноос өсч, 2023 онд бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрсэн ба фунт тутам дунджаар $25 ам.доллар болж тогтворжсон. Зэвэрдэггүйн ган болон бусад үйлдвэрлэлд ашиглагддаг молибденийг Канад, Австрали улсууд болон Дэлхийн банк, Олон Улсын эрчим хүчний агентлаг нь чухал ашигт малтмалын жагсаалтад багтаасан.
Молибден нь бусад материалын гүйцэтгэлийг сайжруулдаг тул стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрлэлийн металл гэж тодорхойлогддог. Молибденийг зэвэрдэггүй болон тусгай зориулалтын гангийн үйлдвэрлэлд ашигласнаар бат бөх чанар, халуунд тэсвэрлэх чадвар, зэврэлтийн эсэргүүцлийг сайжруулдаг. Мөн барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, агаарын хөлөг, батлан хамгаалах салбар болон электрон тоног төхөөрөмжид өргөн хэрэглэгддэг молибденийн шинж чанар нь онцлог, орлох боломж хомс материал юм.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл болон тусгай зориулалтын гангийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа нь богино болон дунд хугацаанд өндөр чанартай молибденийн эрэлтийг өсгөх төсөөлөлтэй байна. Урт хугацаанд томоохон хэмжээний ордуудын тоо хэмжээ багасаж, ашиглалтын хугацаа буурч байгаа болон өндөр хөрөнгө оруулалтын шаардлага, байгаль орчны хязгаарлалт, төсөл хөгжүүлэлт хийхэд урт хугацаа шаардлагатай байдаг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нийлүүлэлтэд тодорхой хязгаарлалтууд үүсэхтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэх боломжтой. Дэлхийн олборлолтын дийлэнх БНХАУ, АНУ, Чили болон Перу улсуудад төвлөрдөг.
Дээрх нөхцөлд Зуун Мод төсөл нь БНХАУ, БНСУ, Япон зэрэг молибденийн томоохон хэрэглэгчид болон боловсруулалтын хүчин чадал эрчимтэй тэлж буй Вьетнам, Тайланд зэрэг хөгжиж буй зах зээлд ойр байрлаж байгаагаараа давуу талтай. Эрдэнэ Ресурс нь молибденийн баяжмал бүтээгдэхүүнийг бүс нутгийн өндөр эрэлттэй зах зээлд харьцангуй хялбараар нийлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Зуун Мод төслийг Галлант Минералз Лимитэд компаниас 2005 онд авсан бөгөөд буцаан худалдаж авах боломжтой 1.5%-ийн БОТ ("NSR") төлөх үүрэг хүлээсэн.
Зуун Модын төслийн нөөц
16 км диаметр бүхий порфирийн цогцолбор
| Эрдсийн нөөцийн Ангилал | Хэмжээ Сая.т | Молибденийн агуулга (%) | Агуулсан молибден сая.фунт | Зэсийн агуулга (%) | Агуулсан зэс сая.фунт | MoEq (%) | MoEq сая.фунт |
|---|---|---|---|---|---|---|---|
| Баттай | 45.8 | 0.057 | 57.7 | 0.062 | 62.2 | 0.074 | 74.8 |
| Бодитой | 225.3 | 0.056 | 275.9 | 0.065 | 322.0 | 0.073 | 364.4 |
| Баттай, Бодитой | 271.1 | 0.056 | 333.5 | 0.064 | 384.2 | 0.073 | 439.2 |
| Боломжтой | 269.1 | 0.051 | 300.0 | 0.059 | 350.7 | 0.070 | 416.3 |

Тайлангууд
-
Зуун Мод - Эрдсийн нөөцийн тооцооллын техникийн тайлан
-
Зуун Мод NI 43-101 техникийн тайлан, 2011 оны 2-р улирал
