Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.10.19
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн (“БХ”) 2026 оны 3-р улирлын үйл ажиллагааны үр дүн болон бусад төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг танилцуулж байгаадаа таатай байна. Өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү мэдээнд дурдсан бүх мөнгөн дүнг ам.доллараар илэрхийлсэн болно.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “3-р улирлын алтны олборлолт өмнөх улирлын түвшнээс давсан нь уурхайн үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл үргэлжлэн сайжирч байгааг харуулж байна. Үйл ажиллагаанаас бий болж буй тогтвортой мөнгөн урсгалын үр дүнд Эрдэнэ Монгол ХХК нь зээлийн өр төлбөрөөсөө нэмж 20 сая ам.долларыг барагдууллаа. 4-р улиралд ил уурхайн хүрээг тэлснээр алтны өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд олборлолт явуулах боломж бүрдэх бөгөөд улмаар алтны олборлолтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.”
Тэрээр үргэлжлүүлэн, “3-р улирал дууссаны дараа бид Зуун Мод төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллын (“PEA” эсвэл “УЭЗТ”) үр дүнг танилцуулсан. Энэхүү тооцооллоор Зуун Мод төсөл Ази тивийн хэмжээнд хараахан ашиглалтад ороогүй молибденийн томоохон ордуудын нэг болохыг, мөн металлын зах зээлийн өнөөгийн ханшаар эдийн засгийн өгөөжтэй төсөл болох боломжтойг баталгаажууллаа. Урьдчилсан эдийн засгийн тооцооллыг боловсруулснаар бид төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх дараагийн шатны ажлуудыг эхлүүлээд байна. Үүнд: уурхайн ашиглалтын эхний жилүүдэд олборлохоор төлөвлөж буй, газрын гадаргад ойр орших эрдсийн нөөцийг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилготой өрөмдлөгийн хөтөлбөр, мөн молбиден, зэсийн хүдэржилтийн цаашдын боломжийг тодорхойлох гүний гурван хэмжээст геофизикийн судалгаа багтаж байна.”
Тэрээр дүгнэхдээ: “Бид Хөндий Эрдсийн Дүүргийн хэмжээнд хайгуулын ажлаа эрчимжүүлж байна. 4-р улиралд өрөмдлөгийн гурван төхөөрөмж ашиглан алт, зэс, молибдений хэтийн төлөв бүхий талбайд нийт 16,000 орчим тууш метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Эдгээр хэтийн төлөв бүхий талбайн олонхыг Канад-Монголын геологийн симпозиумын хүрээнд зохион байгуулсан хээрийн судалгааны үеэр нарийвчлан тодорхойлсон. Эдгээр хайгуулын хөтөлбөрүүд нь Баянхөндий, Хар Морь–Алтан Сум болон Зуун Мод төслүүдийн нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хөвийн Хар талбайд зэсийн хүдэржилтийн шинэ боломжийг шалгахад чиглэнэ”.
Баянхөндий алтны уурхай – 2026 оны 3-р улирлын мэдээлэл
2026 оны 9-р сарын 30-ны өдөр дуусгавар болсон 3-р улиралд Баянхөндий алтны уурхайн боловсруулах үйлдвэр нийт 164 мянган тонн хүдэр буюу хоногт дунджаар 1,788 тонн хүдэр боловсруулсан. 3-р улиралд боловсруулсан хүдрийн алтны дундаж агуулга 2.3 г/т, алт авалт дунджаар 96%-д хүрсэн.
2026 оны 9-р сарын 30-ны өдөр дуусгавар болсон 3-р улиралд Эрдэнэ Монгол ХХК 11,853 унц алт, 3,046 унц мөнгө борлуулж, нийт 51 сая ам.долларын (71 сая канад доллар) борлуулалтын орлого олсон. Алтны борлуулалтын дундаж үнэ 4,315 ам.доллар/унц, мөнгөний дундаж үнэ 62 ам.доллар/унц байв.
Мөн тайлант улиралд Эрдэнэ Монгол ХХК зээлийн үндсэн төлбөрөөс 20 сая ам.доллар (28 сая канад доллар) нэмж барагдуулснаар зээлийн өрийн үлдэгдэл 93 сая ам.доллар (132 сая канад доллар) болж буурлаа.
4-р улиралд Баянхөндий алтны уурхайн олборлолтыг алтны агуулга харьцангуй өндөр хэсгүүд рүү шилжүүлэх төлөвтэй байгаа ба Эрдэнэ Монгол ХХК нь 4-р улиралд алтны олборлолт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Зураг – цагийн зүүний дагуу: Баянхөндий боловсруулах үйлдвэр, Баянхөндий ил уурхай, Канад-Монголын геологийн симпозиумд зориулсан хээрийн судалгаа, Баянхөндий боловсруулах үйлдвэрийн тээрэм
Зуун Мод молибден-зэсийн төслийн мэдээлэл
2026 оны 10-р сарын 14-ний өдөр Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших, компанийн 100%-ийн эзэмшлийн Зуун Мод молибден-зэсийн төслийн (“Зуун Мод” эсвэл “ЗМ”) урьдчилсан эдийн засгийн тооцооллын (“PEA”) үр дүнг танилцуулсан. Зуун Мод төсөл нь энэхүү тооцооллоор 34 жилийн уурхайн ашиглалтын хугацаанд нийт 672 сая фунт (305 мян.тонн) молибден, 947 сая фунт (430 мян.тонн) зэс үйлдвэрлэх боломжтой, урт хугацаанд хэрэгжих томоохон төсөл болохыг харуулсан бөгөөд Ази тивийн хэмжээнд хараахан ашиглалтад ороогүй молибденийн том ордуудын нэг болохыг баталгаажууллаа.
Урьдчилсан эдийн засгийн тооцооллын суурь хувилбарт молибденийн үнийг нэг фунт тутам нь 25.00 ам.доллар, зэсийн үнийг нэг фунт нь 5.00 ам.доллар байхаар тооцсон. Суурь хувилбарын дагуу төслийн татварын дараах, 8% хорогдуулалт бүхий цэвэр өнөөгийн үнэ цэн (“NPV8%”) нь 745 сая ам.доллар, дотоод өгөөжийн түвшин (“IRR”) нь 16.1% байна. Харин өнөөгийн зах зээлийн ханшаар буюу молибденийн үнийг 33.00 ам.доллар/фунт, зэсийн үнийг 6.50 ам.доллар/фунт байхаар тооцсон үед төслийн татварын дараах цэвэр өнөөгийн үнэ цэн (NPV8%) нь 2.0 тэрбум ам.доллар, дотоод өгөөжийн түвшин (IRR) 27.8% болж өсөхөөр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн мэдээнээс үзнэ үү.
Урьдчилсан эдийн засгийн тооцооллыг боловсруулсантай холбоотойгоор Эрдэнэ Ресурс нь төслийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн шатны ажлуудыг эхлүүлээд байна. Үүнд: уурхайн ашиглалтын эхний жилүүдийн олборлолтын төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой, газрын дөт гүн дэх эрдсийн нөөцийг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилгоор 4,000 орчим тууш метр өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн ордын геологийн загварыг нарийвчлан сайжруулах, хүдэржилтийн үргэлжлэлийг тодорхойлох, зэргэлдээ орших Хөвийн Хар талбайд зэсийн хүдэржилт бүхий талбайг судлах зорилгоор гүний гурван хэмжээст тогтмол гүйдлийн өдөөгдсөн туйлшралын (“DCIP”) болон соронзон теллурын (“MT”) геофизикийн судалгаа хийхээр төлөвлөж байна (доорх “Хайгуулын мэдээлэл” хэсэгтэй танилцана уу).
Хайгуулын мэдээлэл
Эрдэнэ Ресурс нь хайгуулын ажлаа эрчимжүүлж, 4-р улиралд Хөндий эрдсийн дүүргийн хэмжээнд алт, зэс, молибденийн хэтийн төлөв бүхий талбайнуудад нийт 16,000 орчим метр өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Үүнд:
- Баруун Баянхөндий (алт): Баянхөндий алтны ил уурхайгаас баруун тийш орших талбайд 9,000 орчим метр өрөмдлөг хийж, алтны өндөр агуулгатай бүсийн үргэлжлэлийг нарийвчлан тодорхойлох, мөн төлөвлөсөн ил уурхайн хязгаараас гадна эрдсийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судална.
- Хар Морь–Алтан Сум (алт): Хар Морь–Алтан Сум хүдэржсэн структурын дагуу, газрын гадаргаас 100 метр хүртэлх гүнд орших исэлдсэн хүдрийн нөөцийн үргэлжлэлийг тодорхойлох зорилгоор 3,000 тууш метрийн өрөмдлөг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь нуруулдан уусгах аргаар алт олборлох боломжийг үнэлэх судалгаанд шаардлагатай мэдээлэл бүрдүүлэхийн зэрэгцээ Канад-Монголын геологийн симпозиумын хээрийн судалгааны үеэр тодорхойлсон хайгуулын зорилтот талбайг өрөмдлөгөөр шалгахад чиглэнэ.
- Зуун Мод–Хөвийн Хар (молибден-зэс): Зуун Мод ордын газрын гадаргаас 100 метрийн гүнд орших хүдэржилтийг баталгаажуулах, эрдсийн нөөцийн одоогийн блокуудын зэргэлдээ хэсгүүдэд хүдэржилтийн үргэлжлэлийг шалгах зорилгоор 4,000 орчим тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр уурхайн ашиглалтын эхний жилүүдэд олборлох боломжтой нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн Хөвийн Хар талбайн газрын дөт гүнд орших зэсийн хүдэржилтийг өрөмдлөгөөр шалгах ба доор дурдсан геофизикийн судалгааны үр дүнд үндэслэн 2027 онд гүний өрөмдлөг гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Дээрх өрөмдлөгийн хөтөлбөртэй зэрэгцэн Эрдэнэ Ресурс нь Зуун Мод–Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд ORION технологид суурилсан гурван хэмжээст тогтмол гүйдлийн өдөөгдсөн туйлшралын (“3D DCIP”) болон соронзон теллурын (“MT”) геофизикийн судалгааг Quantec Geoscience Ltd. Компаниар гүйцэтгүүлж байна. Энэхүү судалгааг тус бүр 6 км урт, хоорондоо 400 метрийн зайтай 17 шугамын дагуу, нийт 102 шугаман км талбайд гүйцэтгэнэ. Судалгаагаар газрын гадаргаас 600 метр хүртэлх гүнд чулуулгийн цахилгаан эсэргүүцэл болон цэнэгжих чадварын өндөр нарийвчлалтай гурван хэмжээст загвар боловсруулж, хүдэржилтийн тархалтад нөлөөлж болзошгүй хагарал, ан цав, хувирлын бүс зэрэг геологийн бүтцүүдийг тодорхойлно. Мөн судалгаагаар Зуун Мод молибден-зэсийн ордын доод хэсэг болон түүний зэргэлдээ гүн рүү хүдэржсэн бүсүүдийг тодорхойлох, чулуулгийн төрөл, тархалтыг зураглах замаар ордын геологийн загварыг нарийвчлан сайжруулах боломж бүрдэнэ. Судалгааны үр дүнг Хөвийн Хар талбайн зэсийн хүдэржилт болон Зуун Мод ордын үргэлжлэлийг шалгах өрөмдлөгийн зорилтот хэсгүүдийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэхэд ашиглана.
2026 оны 3-р улирлын тайлангийн вебкаст
Эрдэнэ Ресурс нь 2026 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны аудит хийгдээгүй санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг 2026 оны 11-р сарын 4-нд хөрөнгийн бирж хаагдсаны дараа нийтэлнэ.
2026 оны 11-р сарын 5-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ЛИНК
Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой.
Утсаар холбогдон оролцох бол:
- Хойд Америк (төлбөргүй): 1-800-717-1738
- Олон улсын дугаар: (+1) 289 514 5100
Мэргэшсэн этгээд
Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан техникийн мэдээллийг компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) хянан баталгаажуулсан ба NI 43-101-д дурдсан мэргэшсэн этгээд юм.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд хайгуулын өндөр боломж бүхий Хөндийн эрдсийн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь өндөр агуулга бүхий, олборлолтын зардал бага Баянхөндий алтны уурхайн олборлолтоос гадна алт болон суурь металлын хайгуул, хөгжүүлэлтийн төслүүдийг ахиулж байна. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал болон анхааруулга
Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдээс шаардлагатай зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын зардал, түүний дотор урьдчилан тооцоолсон зардал, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад зохицуулалтын шаардлагыг биелүүлэх компанийн чадавх, Зуун Мод молибден-зэсийн төслийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл, эрхийг авах болон хүчин төгөлдөр хадгалах, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй.
Зуун Мод төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллын үр дүн нь урьдчилсан шинж чанартай болно. Уг тооцооллыг үйлдвэрлэлийн нөөцийн ангилалд хараахан шилжүүлээгүй геологийн нөөцийн тооцоололд үндэслэн боловсруулсан тул эдийн засгийн шинжилгээний үр дүнгийн баталгаат байдал нь Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (Pre-Feasibility Study) болон Техник, эдийн засгийн үндэслэл (Feasibility Study)-ийн түвшинд хүрээгүй. Урьдчилсан эдийн засгийн тооцоололд нөөцийн Боломжтой ангилалд хамруулсан нөөцийг багтаасан бөгөөд энэ ангиллын нөөц нь геологийн хувьд тодорхой бус байдал өндөртэй тул эдийн засгийн үндэслэлийг нь хангалттай тогтоож, үйлдвэрлэлийн нөөцийн ангилалд шилжүүлэх боломж одоогоор бүрдээгүй байна. Үйлдвэрлэлийн нөөцийн ангилалд шилжүүлээгүй геологийн нөөцийн эдийн засгийн үр ашиг нь хараахан нотлогдоогүй болно. Иймд урьдчилсан эдийн засгийн тооцоололд тусгасан үр дүн бодитоор хэрэгжих баталгаа байхгүй. Төслийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны бодит зардал, үйлдвэрлэлийн хэмжээ, металл авалтын хувь болон эдийн засгийн үр ашиг нь уг тооцоололд тусгасан үзүүлэлтүүдээс мэдэгдэхүйц ялгаатай байж болно. Мөн урьдчилсан эдийн засгийн тооцоололд түүхий эдийн зах зээлийн үнэ, валютын ханш, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал, шаардлагатай зөвшөөрлүүдийг авах хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж зэрэг олон төрлийн эрсдэл, тодорхой бус хүчин зүйл нөлөөлж болзошгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн эх хувилбараас орчуулагдсан болно. Англи, монгол хувилбарын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарсан тохиолдолд англи хэл дээрх хувилбарыг баримтална.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
