Үйлдвэрлэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлууд үргэлжилж байна
Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.01.20
2025 оны 4-р улирлын онцлох мэдээлэл:
- Дундаж борлуулалтын үнэ унц нь $4,153 ам.доллар болон $53 ам.доллар бүхий 7,434 унц алт, 2,634 унц мөнгийг борлуулж, төслөөс нийт 31 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн.
- Зураг төслийн дагуу өдөрт 1,950 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь 4-р улиралд дунджаар нэрлэсэн хүчин чадлынхаа 77%-аар ажиллалаа.
- 12-р сард тээрмийн боловсруулалт төлөвлөсөн хүчин чадалд хүрсэн.
- Дунджаар 2 г/т алтны агуулга бүхий 144,845 тонн хүдэр боловсруулсан.
- Баянхөндий ордтой ойр орших Хар Морь болон Алтан Сум талбайд нийт 5,433 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн ба үр дүнг 2026 оны 1-р улиралд танилцуулна.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB: ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хөгжүүлж буй Баянхөндий алтны орд (“БХ”)-ын үйл ажиллагааны талаарх шинэчилсэн мэдээллийг хүргэхэд таатай байна. Өөрөөр заагаагүй тохиолдолд энэхүү мэдээнд дурдсан бүх дүнг ам.доллараар илэрхийлсэн болно.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал хэлэхдээ, “Баянхөндий алтны ордын олборлолт эхэлснээс хойших эхний саруудын үр дүн маш амжилттай байлаа. 9-р сард анхны алтыг олборлосноос хойш манай баг хамт олон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг шат дараатайгаар эрчимжүүлэхэд анхаарч ажилласан ба гүйцэтгэл нь бидний хүлээлтэд бүрэн нийцэж байна. Үйлдвэр нэрлэсэн хүчин чадалд хүрч ажиллаж байгаа бөгөөд шинэчилсэн ТЭЗҮ-д тусгагдсан түвшинд, эсвэл түүнээс давсан металл авалттай байв.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Олборлолтын эхний үе шатанд боловсруулах үйлдвэр нь дунджаар 2 г/т алтны агуулгатай хүдрийг (“RoM”) боловсруулсан. 2026 оны 1-р улиралд Эрдэнэ Монгол ХХК нь хүдрийн агуулгын хяналт болон олборлолтын үйл явцыг оновчлоход түлхүү анхаарч, ТЭЗҮ-д тусгагдсан тэжээлийн агуулгад хүрэх зорилготой.”
“Баянхөндий алтны ордын олборлолт эхэлсэн нь компани болон оролцогч бүх талуудын хувьд томоохон амжилт юм. Төслийн тогтвортой үйл ажиллагаанаас бий болох мөнгөн урсгал нь Азийн ирээдүйтэй шинэ эрсдийн бүс нутагт тооцогдох Хөндий Эрдсийн Дүүрэг дэх дараагийн төслүүдийг санхүүжүүлэх чухал суурь болно. 2025 оны 4-р улиралд хэд хэдэн байршилд өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн ба үр дүнг 2026 оны 1-р улиралд танилцуулахын зэрэгцээ өрөмдлөгийн ажлыг жилийн турш үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.”
Баянхөндий алтны уурхай – 2025 оны 4-р улирлын мэдээлэл
Эрдэнэ Монгол ХХК нь бүх үндсэн байгууламжийн барилгын зөвшөөрлийг авч, Баянхөндий боловсруулах үйлдвэрийг улсын комисст амжилттай хүлээлгэн өгснөөр 2025 оны 9-р сарын дундуур анхны алт, мөнгөн гулдмайг гаргасан. Олборлолт эхэлснээс хойш Баянхөндий ордоос өдөрт дунджаар 1,508 тонн буюу нийт 144,845 тонн хүдэр боловсруулсан нь зураг төслөөр тооцоолсон өдөрт 1,950 тонн боловсруулах нэрлэсэн хүчин чадлын 77%-д дүйцэж байна. 2025 оны 12-р сарын дийлэнх хугацаанд Баянхөндий боловсруулах үйлдвэр нэрлэсэн хүчин чадалдаа хүрч, тогтвортой ажиллалаа.
Үйлдвэрийн үйл ажиллагааг турших, тохируулан сайжруулах эхний үе шатанд хүдэржилттэй хаягдлыг боловсруулах материал болгон ашигласан. Олборлолтыг шат дараатайгаар эрчимжүүлэх явцад боловсруулах материалын хүдрийн агуулгыг аажмаар нэмэгдүүлж, эхний гурван сарын хугацаанд дунджаар 2.0 г/т алтны агуулга бүхий хүдэр боловсруулсан. Алт авалт нь урьдчилан тооцоолсон 93%-д хүрсэн, эсвэл зарим тохиолдолд түүнээс давсан үзүүлэлттэй байв. 2026 оны 1-р улиралд Эрдэнэ Монгол ХХК нь агуулгын хяналт, олборлолтын үйл ажиллагааг оновчлоход анхаарч, ТЭЗҮ-д тодорхойлсон тэжээлийн агуулгад хүргэхээр ажиллана.
2025 оны 12 сарын 31-ний байдлаар Эрдэнэ Монгол ХХК нь дунджаар унц нь $4,153 ам.доллар болон $53 ам.доллар бүхий 7,434 унц алт болон 2,634 унц мөнгийг борлуулж, нийт 31 сая ам.доллар (42.5 сая кан.доллар)-ын орлого төвлөрүүлсэн.
ТЭЗҮ-д тусгаснаар Баянхөндий орд нь бүрэн хүчин чадлаар ажиллах үед жилд 650,000 тонн хүдэр боловсруулж, ойролцоогоор 85,000 унц алт олборлохоор төлөвлөгдсөн. ТЭЗҮ-д тусгагдсанаас давсан үйлдвэрлэлийн чиглэл, төлөвлөлтийг ордын ашиглалтын эхний үе шат бүрэн дууссаны дараа буюу 2026 оны 2-р улиралд шинэчлэн танилцуулах болно.


Хөндий Эрдсийн Дүүрэг – Хайгуулын боломжууд
Баянхөндий алтны ордыг багтаасан Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөр нь Баянхөндий ордоос хойд зүгт орших, газрын дөт гүнд байрлах исэлдсэн алт мөнгөний хүдэржилт бүхий Хар Морь болон Алтан Сум талбайд төвлөрсөн. 2025 оны сүүлээр эдгээр талбайд 5,000 орчим тууш метрийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг 2026 оны 1-р улиралд танилцуулахаар төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцэн хүдрийг овоолон уусгах (“heap leach”) аргаар боловсруулах боломжийг тодорхойлох метраллургийн судалгаанууд хийгдэж байна. Энэхүү судалгааны үр дүн эерэг гарсан тохиолдолд Баянхөндийн боловсруулах үйлдвэрт нэмэлт тэжээлийн нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ уурхайн үйл ажиллагааг харьцангуй бага зардлаар өргөтгөх боломж бүрдэх юм.
Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан техникийн мэдээллийг компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) хянан баталгаажуулсан ба NI 43-101-д дурдсан мэргэшсэн этгээд юм.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь өндөр агуулга, бага зардал бүхий Баянхөндий алтны ордын олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт байрлах Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдэд хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) тус тус бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
