Молибденийн дээж

Эрдэнэ Ресурс Хөвийн Хар порфирийн системд 1.25% зэсийн агуулга бүхий 30 метрийн интервал огтоллоо

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс Хөвийн Хар порфирийн системд 1.25% зэсийн агуулга бүхий 30 метрийн интервал огтоллоо

Онцлох мэдээлэл

  • 1.25% зэс болон 6.1 г/т мөнгөний агуулга бүхий 30 метрийг багтаасан 0.63% зэс болон 2.9 г/т мөнгөний дундаж агуулга бүхий 65 метрийн интервал огтолсон. 
  • Цооногийн 238 метрээс эхлэн гүн рүү 450 метр хүртэл хүдэржсэн бүс үргэлжлэн, цооног нь хүдэржилтээр төгссөн. Тус хүдэржсэн бүс нь дунд зэргээс хүчтэй калийн хувирал бүхий зэсийн хүдэржилт давамгайлсан шинжтэй байна.
  • Тус цооног нь Зуун Мод молибден-зэсийн ордоос 3 км-т байрлаж байгаа нь ижил порфирийн системийн нэг хэсэг гэж үзэж байна.
  • Өрөмдлөгийн талбай нь компанийн 100% эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд, БНХАУ-ын хилээс 200 км, Монгол Улсын баруун өмнөд бүсэд орших Баянхөндий алтны ордоос зүүн зүгт 35 км-т оршдог.
  • Хөвийн Хар зэсийн порфирийн системийн гүний үргэлжлэлийг шалгах зорилгоор 2026 онд хайгуулын хөтөлбөрийг төлөвлөж байна.

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2026.01.14

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | OTC: ERDCF | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд, Хөндий Эрдсийн Дүүрэг дэх Баянхөндий алтны ордоос зүүн зүгт 35 км-т орших Зуун Мод ордоос баруун хойд зүгт 3 км-т байрладаг өөрийн 100% эзэмшлийн Хөвийн Хар зэс-мөнгөний хэтийн төлөв бүхий талбайд гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг танилцуулахад таатай байна (Зураг 1,2-той танилцана уу).

Тодруулга

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Өрөмдлөгийн үр дүнгээр Хөвийн Хар порфирийн системд Зуун Мод молибден-зэсийн ордоос гадна ихээхэн хэмжээний зэсийн бүрэлдэхүүн хэсэг байх боломжтойг харууллаа. Энэхүү зэсийн хүдэржсэн бүс нь зэсийн порфирийн системийн дээд түвшинд түгээмэл тохиолддог онцлог шинжийг агуулсан.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “Хөвийн Хар болон Зуун Мод төслүүд нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч орон болох БНХАУ-ын хилээс 200 км-т байрладаг. Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбай нь сүүлийн жилүүдэд дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн бүс нутагт байрлаж байгаа нь цаашид Хөндий Эрдсийн Дүүргийн томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна.” 

“Баянхөндий алтны уурхай ашиглалтад орсонтой зэрэгцүүлэн, бид Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Хөвийн Хар төслийн хайгуулын өрөмдлөгийн эерэг үр дүнд тулгуурлан 2026 онд геофизикийн нарийвчилсан судалгаа болон хайгуулын өрөмдлөгүүдийг төлөвлөсөн. Үүнтэй зэрэгцэн, Монголиан Майнинг Корпорэйшн-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хамтран хөгжүүлж буй Баянхөндий ордын орчмын алтны нөөцийг тэлэх хайгуулын судалгааг гүйцэтгэнэ.”

Хөвийн Хар / Зуун Мод өрөмдлөгийн хөтөлбөр – 2025 оны 4-р улирал 

Зуун Мод молибден-зэсийн орд болон Хөвийн Хар зэсийн порфирийн системийг агуулдаг компанийн 100% эзэмшлийн Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд нийт 3,362 тууш метрийн 24 цооногийг өрөмдсөн. 

Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрт: Зуун Мод ордын орчимд гадаргаас 150 метр гүн хүртэл 18 цооног, нэг цооногийг гүн рүү үргэлжлүүлэн судлах зорилгоор өрөмдсөн цооногууд багтсан нь эдийн засгийн ач холбогдол бүхий молибденийн хүдэржилт үргэлжилж буйг шалгах, баталгаажуулах зорилготой байв. Мөн тусгай зөвшөөрлийн талбайд Зуун Мод ордоос баруун зүгт 3.8 км-т илэрсэн шинэ алтны бүсийг шалгах судалгааны 3 цооног өрөмдсөн. Түүнээс гадна, ZMD-162 цооногийг оруулан зэсийн порфирийн бүсийг шалгах зорилгоор хоёр цооног өрөмдсөн. ZMD-162 цооногоос бусад цооногийн сорьцын шинжилгээний үр дүн хүлээгдэж байна. Зуун Мод ордын өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг 2026 оны дундуур танилцуулахаар төлөвлөж буй урьдчилсан эдийн засгийн тооцоололд (“PEA”)-д тусгана.

Өнөөдрийн хэвлэлийн мэдээгээр Зуун Мод ордоос баруун хойд зүгт 3 км-т өрөмдсөн ZMD-162 (Зураг 3-тай танилцана уу) цооногийн үр дүнг онцолж байна. ZMD-162 цооногийг өндөр зэсийн агуулга бүхий ZMD-121 цооногийг үргэлжлүүлэн судлах зорилгоор өрөмдсөн. 2010 оны 12 сард өрөмдсөн ZMD-121 цооногийн 308 метрээс эхлэн 1.3% зэс, 9.2 г/т мөнгөний агуулга бүхий 34 метрийн интервал огтолж байсан. 

Хөвийн Хар талбайд томоохон зэсийн порфирийн системд ажиглагддаг хувирлын давхарга, судлын төрлүүд болон зэс-молибденийн харьцаа зэрэг шинж чанарууд илэрдэг. Зуун Мод молибден-зэсийн ордыг молибденээр баялаг бүсийг агуулсан томоохон зэсийн порфирийн системийн нэг хэсэг гэж тайлбарладаг. Өнөөг хүртэл зэсээр баялаг хэсэгт гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрүүдээр томоохон талбайг хамарсан аномаль зэсийн хүдэржилтийг огтолсон ба дараах үндсэн шинжээр тодорхойлогдож байна:

  • Хөвийн Хар зэсийн порфирийн систем нь ойролцоогоор 20 км2 талбайг хамардаг. 
  • Тус систем нь зэс, молибден болон мөнгөний хүдэржилт (түүнээс гадна алт зэрэг байх боломжтой нь гадаргын хувирлын бүсийн дагуу илэрсэн алтны аномаль хүдэржилтээр батлагддаг) бий болоход таатай нөхцөлийг агуулдаг.
  • Хөвийн Хар порфирийн системийн элэгдлийн түвшний тайлбараас (Хөвийн Хар зэрэг эрт үеийн порфирийн системийн хувьд чухал үзүүлэлтэд тооцогддог) харахад системийн цөм нь гүндээ хадгалагдсан байх өндөр магадлалтай. 
  • Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан ZMD-162 болон ZMD-121 цооногт өндөр агуулга бүхий зэсийн хүдэржилтийг огтолсон. 
  • Системийн дийлэнх талбайд өрөмдлөгийн судалгаа хийгдээгүй бөгөөд Хөвийн Хар зэсийн хэтийн төлөв бүхий талбайд 500 метрээс гүнд өрөмдлөг хийгдээгүй (Зураг 3,4-тэй танилцана уу). 
  • Зуун Мод молибден-зэсийн ордод хийсэн өрөмдлөгийн дундаж гүн нь 370 метр бөгөөд нэг цооногийг 852 метр хүртэл сунган өрөмдсөн (ZMD-57) нь хүдэржилтээр төгссөн (Зураг 4-тэй танилцана уу). 
  • Хүдэржсэн порфирийн системүүд босоо чиглэлд хэдэн километрээр үргэлжлэн сунах боломжтой байдаг. Үүний нэг жишээ нь зүүн зүгт 670 км-т байрлах Оюу Толгой орд ба хүдэржилт нь 2,000 метрээс гүн үргэлжилж, гүндээ нээлттэй хэвээр байна. 

Баянхөндий ордын олборлолт эхэлснээр компани нь тус ордоос гадна бусад төслүүдийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, 2026 онд Хөвийн Хар зэсийн порфирийн системийн гүнийн хэтийн төлөвийг судлах зорилгоор эрчимжүүлсэн хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна (Зураг 3,4-тэй танилцана уу).

Хөвийн Хар өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн

Хөвийн Хар зэсийн порфирийн цогцолборын хойд хэсэгт гидротермаль хувиралт бүхий интрузив нэгжүүд ба брекчүүдээс бүрдсэн томоохон (~20 км2 талбай) бүсэд тархсан зэсийн хүдэржилт тогтоогдсон. Өмнө нь өргөн зайд өрөмдсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөр хэд хэдэн бүсэд зэсийн хүдэржилт огтолсон. Хөвийн Хар талбайд тогтоогдсон зэсийн хүдэржилтийн интервалууд нь гидротермаль хувирал бүхий интрузив брекч, калийн хувирал болон хүдэржсэн хэлтэрхий агуулдаг нь гүндээ хүдэржилтийн эх үүсвэр байгааг илтгэж байна. Өмнө нь тайлагнасан хамгийн өндөр агуулга бүхий зэсийн хүдэржилт ZMD-121 цооногт тогтоогдсон ба 308-аас 342 метрийн босоо гүнд 1.3% зэс болон 9.24 г/т мөнгөний агуулга бүхий 34 метрийн интервал огтолсон.

2010 оны эцэст өрөмдсөн ZMD-121 цооногийн огтолсон хүдэржилтийг үргэлжлүүлэн судлах зорилгоор ZMD-162 цооногийг өрөмдсөн. ZMD-162 цооногийг ZMD-121 цооногоос 125 метрийн зайд баруун өмнө азимутын чиглэлд ZMD-121 цооног руу чиглүүлэн өрөмдсөн ба 286 метрт (269 метрийн босоо гүн) тайлагнасан хүдэржилтийг огтолсон. Үр дүнд 0.63% зэс болон 2.9 г/т мөнгөний агуулга бүхий 65 метрийн интервал огтолсон ба үүнд 1.25% зэс, 6.1 г/т мөнгөний агуулга бүхий 30 метрийн интервал багтаж байна. Хувирсан, хүдэржилт бүхий бүс нь цооногийн 238 метрээс 450 метр (цооногийн төгсгөл) хүртэл үргэлжилсэн ба дунд зэргээс хүчтэй калийн хувиралд орсон халькопирит болон пиритийн хүдэржилтээр тодорхойлогдож байна. Зэс болон мөнгөний хүдэржилт нь кварц кали-хээрийн жоншит гранитад байрлаж байгаа ба сульфидын агуулга 5-40% байна.

Сорьцын шинжилгээний үр дүнгийн хураангуй

Цооногм-ээсм хүртэлинтервал1Cu %Ag g/t
ZMD-162286351650.632.9
үүнд298328301.256.1

1Тайлагнасан интервал нь цооногт огтлогдсон зузаан болно. Нэмэлт хайгуул хийснээр бодит зузаан болон хүдэржилтийн анизотропыг тодорхойлох боломжтой

ZMD-121 болон ZMD-162 цооногуудад огтолсон зэс болон мөнгөний хүдэржилт нь порфирийн системийн дээд хэсэгт (cupola zone) түгээмэл тохиолддог магмын бүтцэд илэрсэн интрузив чулуулгуудтай холбоотой. Энэхүү дээд давхаргын онцлог бүтэц болон түүнтэй холбоотой зэсийн хүдэржилт нь Хөвийн Хар талбайд хүдэржилт сайтай гидротермаль систем оршиж байгааг илэрхийлж байна. Мөн одоогийн элэгдлийн түвшнээс үзэхэд порфирийн хүдэржилт бүхий системийн цөм нь элэгдэлд автаагүй, гүндээ хадгалагдан үлдсэн байх магадлал өндөр. Порфирийн төрлийн томоохон системүүдэд хүдэржилт хэдэн сая жилийн туршид хэдэн зуун, зарим тохиолдолд хэдэн мянган метрийн гүн хүртэл үргэлжлэх нь нийтлэг. Жишээлбэл Монгол Улсын өмнө зүгт, манай төслүүдээс зүүн зүгт 670 км зайд оршдог Оюу Толгой ордын хүдэржилт газрын гадаргаас 2000 метрийн гүн хүртэл үргэлжилж, нийтдээ 12 км гаруй сунан тогтсон байдаг.    

Зуун Мод Молибден-зэсийн төслийн тухай  

Зуун Мод молибден-зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч, мөн гангийн тэргүүлэх үйлдвэрлэгч болох БНХАУ-ын хилийн боомт болон Монгол Улсын томоохон уул уурхайн дүүргээс баруун хойд зүгт ойролцоогоор 180 км-т, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Компанийн 100% эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 6,041 га талбайг хамардаг бөгөөд 60 жилийн хугацаанд хүчинтэй (2011 онд олгогдсон). Тус төсөл нь Эрдэнэ Ресурсийн Баян Хөндий алтны төслөөс зүүн тийш 35 км-т оршдог. 

Эрдэнэ Ресурс нь олон жилийн хайгуулын хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордын хил зааг, түүнчлэн зэс, молибденийн хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг тодорхойлсон нь 16 км радиус бүхий порфирийн цогц системд багтдаг. Өнгөрсөн жилүүдэд компани алтны төслүүдэд төвлөрч ажилласантай холбоотойгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд авснаас хойш Хөвийн Хар талбайд хайгуул болон техникийн судалгааны ажлууд харьцангуй хязгаарлагдмал хэмжээнд хийсэн.

2025 оны 10-р сард Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн ордын шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулсан. Шинэчилсэн нөөцийн тооцооллоор 0.056% молибден, 0.064% зэсийн агуулга (0.073% молибден эквивалент (“MoEq”)) бүхий 271.1 сая тонн буюу 439.2 сая фунт (“Mlbs”) баттай болон бодитой нөөц тооцоолсон. Мөн 0.051% молибден, 0.059% зэсийн агуулга (0.070% молибден эквивалент (“MoEq”)) бүхий 269.1 сая тонн буюу 416.3 сая фунт (“Mlbs”) боломжтой нөөц тооцоолсон. Уурхайн оновчлолыг 0.035% дээш молибденийн захын агуулгаар, молибденийн үнийг US$22/фунтээр тооцон, тайлагнасан. Mo-ийн эквивалент (MoEq)-ийг дараах томъёогоор тооцсон: MoEq% = Mo% + Cu% * 0.27504, металл авалтыг Mo- 83%, Cu- 81%-иар тооцоолсон. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй компанийн 2025 оны 10 сарын 10-ны хэвлэлийн мэдээнээс танилцана уу.

Мэргэшсэн этгээд 

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээ дэх техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид олон төрлийн элементийн агуулгыг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон.

Эрдэнэ Ресурсийн дээжлэлтийн протокол нь зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцагт үлдээн Компанийн Баянхөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. 

Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Зуун Модын өрөмдлөгийн цооногуудыг 70 градусын уналаар өрөмдсөн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 онд Баянхөндий алтны төслийг олборлолтын шат руу хөгжүүлэхээс гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ. 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.