Онцлох мэдээлэл
- Газрын гадаргаас 150 метрийн гүн хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн үр дүнд өмнө нь хаягдал гэж загварчилсан бүсүүдэд хүдрийн агуулга бүхий хэд хэдэн молибденийн эквивалент (“MoEq”) хүдэржилт огтолсон.
- Тодорхой цооногуудад 6-18 метрийн зузаантай 0.1%-аас дээш MoEq буюу өндөр агуулгатай бүсүүд тогтоогдсон.
- ZMD-98 цооногийг 450 метрийн гүн хүртэл тэлж өрөмдсөн ба цооногийн дийлэнхид молибден ба зэсийн хүдэржилт үргэлжлэн огтолж, нийт 374 метрийн турш 0.066% MoEq агуулга тогтоогдсон.
- 2025 оны өрөмдлөгийн үр дүнг нөөцийн загварыг шинэчлэхэд тусгах бөгөөд 2026 оны дундуур анхан шатны эдийн засгийн тооцооллыг (“PEA”) танилцуулахаар төлөвлөсөн.
Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.02.17
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | OTCQX: ERDCF | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд орших Хөндий Эрдсийн Дүүрэгт, Баянхөндий алтны ордоос зүүн зүгт 35 км-т орших компанийн 100% эзэмшлийн Зуун Мод (“ЗМ”) молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн болон техник, эдийн засгийн судалгааны явцын тухай мэдээлэхэд таатай байна. (Зураг 1,2-той танилцана уу.)
Тодруулга
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “Зуун Мод ордод гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн нь газрын гадаргад ойр бүсүүдэд молибденийн хүдэржилт үргэлжилж, агуулга сайжирч буйг баталлаа. Түүнээс гадна, ордын хойд хэсгээр хүдэржилт гүндээ үргэлжилж буйг тогтоосон. Эдгээр үр дүн нь Зуун Мод ордын газрын гадаргад ойр нөөцийг нэмэгдүүлэх боломжтойг харуулсан бөгөөд 2026 оны дундуур танилцуулахаар төлөвлөсөн анхан шатны эдийн засгийн тооцоололд тусгагдана.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Хөндий Эрдсийн Дүүргийн дэд бүтэц сайжирч, молибден болон зэсийн эрэлт өндөр байгаа нь Зуун Мод ордыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнтэй зэрэгцэн, ижил төрлийн томоохон порфирийн системд хамаарах Хөвийн Хар зэсийн нээлтийн хүрээнд гүний геофизикийн судалгаанд тулгуурлан өрөмдлөгийн зорилтот бүсүүдийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.”
Зуун Мод Зуун Мод өрөмдлөгийн хөтөлбөр – 2025 оны 4-р улирал
2025 оны сүүлээр Компани өөрийн 100% эзэмшлийн Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд нийт 3,362 тууш метрийн 24 цооног өрөмдсөн. Тус талбай нь Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэсийн порфирийн системийг хамардаг. Хөтөлбөрийн хүрээнд: Зуун Мод ордын газрын гадаргаас эхлэн 150 метрийн гүн хүртэлх хүдэржилтийг шалгах 18 цооног, Хойд Рэйстрак бүсэд молибденийн хүдэржилт гүндээ үргэлжилж буй эсэхийг тодорхойлохоор нэг цооногийг (ZMD-98) гүн рүү тэлж өрөмдсөн. ZMD-98 цооногийн өргөтгөлөөс бусад бүх цооногийг -45°-аас -60° хүртэлх налуу өнцгөөр өрөмдсөн. Мөн зэсийн порфирийн бүсүүдийг шалгах зорилгоор 2 цооног (ZMD-162 ба 163) (Хэвлэлийн мэдээтэй танилцана уу), Зуун Мод ордоос баруун зүгт 3.8 км-т орших алтны хэтийн төлөв бүхий бүсийг шалгахаар гурван хайгуулын цооног өрөмдсөн. Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг шинэчилсэн нөөцийн тооцоололд тусган, 2026 оны дундуур танилцуулахаар төлөвлөж буй Анхан шатны эдийн засгийн тооцооллын суурь болгон ашиглана.
Газрын гадаргад ойр гүйцэтгэсэн өрөмдлөгөөр босоо чиглэлд 130 метр хүртэл гүнд өндөр агуулга бүхий молибден, зэсийн хүдэржилтийг огтолсон. Хэд хэдэн цооногт 112 метр хүртэлх гүнд 0.07% молибденийн эквивалент (“MoEq”) агуулга бүхий интервал огтолсон ба зарим цооног нь хүдэржилтээр төгссөн. Энэ нь хүдэржилт босоо болон дэд хэвтээ чиглэлд үргэлжилж буйг баталж, өмнө нь бага агуулгатай эсвэл хүдэржилтгүй хэмээн загварчилсан бүсүүдийг нөхөн тодорхойлсноор шинэчилсэн нөөцийн загварыг баталгаажууллаа.
Ордын хойд хэсэгт, харьцангуй бага судалгаа хийсэн талбайд өрөмдсөн ZMD-98 өргөтгөлийн цооног нь дийлэнх хэсэгт молибден, зэсийн хүдэржилт огтолж, 450 метрийн гүнд хүдэржилтээр төгссөн. Өмнө мэдээлсэн үр дүнтэй нэгтгэн үзвэл, энэхүү цооног нь Хойд Рэйстрак бүсийн төв хэсэгт 0.066% молибденийн эквивалент агуулга бүхий 374 метрийн (76-аас 450 метр) интервал огтолсон. Энэхүү өндөр агуулгатай бүс нь босоо болон хажуу чиглэлд нээлттэй байгаа тул цаашдын өрөмдлөгийг голлон энэ бүсэд чиглүүлэхээр төлөвлөж байна.
Дээрх үр дүнгүүдийг цогцоор нь авч үзвэл, 2025 оны 10-р сард мэдээлсэн (Хэвлэлийн мэдээтэй танилцана уу) нөөцийн шинэчлэлд суурилан, төслийн эрдсийн нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Онцлох сорьцын шинжилгээний үр дүнг Хүснэгт 1-т хураангуйлан үзүүлэв.
Хүснэгт 1 - Сорьцын шинжилгээний үр дүнгийн хураангуй – Зуун Мод молибден-зэсийн орд
| Цооног | From (m) | To (m) | Width (m) | Cu % | Mo % | MoEq % (3) |
| ZMD-98(1) | 76 | 450(2) | 374 | 0.058 | 0.050 | 0.066 |
| үүнд | 324 | 338 | 14 | 0.096 | 0.121 | 0.147 |
| үүнд | 408 | 426 | 18 | 0.094 | 0.113 | 0.139 |
| ZMD-143T | 40 | 74 | 34 | 0.048 | 0.043 | 0.056 |
| ZMD-145T | 76 | 126 | 50 | 0.061 | 0.050 | 0.067 |
| ZMD-146T | 71 | 84 | 13 | 0.038 | 0.059 | 0.070 |
| ZMD-147 | 124 | 140(2) | 16 | 0.131 | 0.100 | 0.136 |
| ZMD-148 | 100 | 140(2) | 40 | 0.050 | 0.055 | 0.068 |
| ZMD-149 | 76 | 94 | 18 | 0.036 | 0.033 | 0.043 |
| ZMD-150 | 94 | 122 | 28 | 0.028 | 0.072 | 0.079 |
| ZMD-151 | 36 | 122 | 86 | 0.040 | 0.056 | 0.066 |
| үүнд | 78 | 88 | 10 | 0.035 | 0.111 | 0.120 |
| ба | 136 | 142 | 6 | 0.056 | 0.084 | 0.099 |
| ZMD-152 | 112 | 130(2) | 18 | 0.078 | 0.043 | 0.064 |
| ZMD-153 | 38 | 130(2) | 92 | 0.051 | 0.058 | 0.072 |
| үүнд | 84 | 102 | 18 | 0.061 | 0.112 | 0.128 |
| ZMD-154 | 72 | 110 | 38 | 0.074 | 0.058 | 0.078 |
| үүнд | 80 | 88 | 8 | 0.111 | 0.136 | 0.166 |
| ZMD-155 | 70 | 110 | 40 | 0.044 | 0.050 | 0.062 |
| ZMD-156 | 8 | 120(2) | 112 | 0.063 | 0.055 | 0.072 |
| үүнд | 86 | 98 | 12 | 0.074 | 0.112 | 0.133 |
| ZMD-157 | 84 | 125(2) | 41 | 0.070 | 0.052 | 0.071 |
| ZMD-159 | 20 | 40 | 20 | 0.051 | 0.046 | 0.060 |
| ZMD-161 | 50 | 78 | 28 | 0.049 | 0.062 | 0.075 |
| үүнд | 50 | 56 | 6 | 0.047 | 0.117 | 0.130 |
- ZMD-98 цооногийг 150 метрээс 450 метр хүртэл сунгасан, 0-оос 150м хүртэл мэдээллийг өмнө нь тайлагнасан.
- Цооног хүдэржилтээр төгссөн
- MoEq%=Mo% + Cu% * 0.27504 ба 83% Mo болон 81% Cu металл авалттайгаар тооцож, молибденийн үнийг нэг фунт US$15.4, зэсийн үнийг нэг фунт нь US$4.34 байхаар тооцоолсон.
Зуун Мод – Анхан шатны эдийн засгийн тооцоолол
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон молибден, зэсийн урт хугацааны төлөвийг харгалзан Компани нь Зуун Мод төслийн Анхан шатны эдийн засгийн тооцооллыг (“PEA”-Preliminary Economic Assessment) эхлүүлээд байна. Дээр дурдсан өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг 2026 оны 1-р улиралд нөөцийн шинэчилсэн загварт тусгаж, улмаар оновчлол, урьдчилсан загварчлал, техник тоног төхөөрөмжийн сонголт, олборлолтын хуваарь зэрэг судалгааны ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгэнэ.
Металл авалтын суурь таамаглалуудыг баталгаажуулах зорилгоор ордын хэд хэдэн бүсэд металлургийн туршилт, судалгааг хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн Баянхөндий уурхайн хүрээнд болон дүүргийн орчимд хэрэгжиж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн хөгжил нь Зуун Мод төслийн хэрэгжилтэд эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Үүнд: тээвэр ложистик, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэлт болон ажиллах хүчний нөөц зэрэг хүчин зүйлс багтана. Байгаль орчны болон зөвшөөрлийн судалгааны ажлуудыг энэ онд зардлын тооцоолол, санхүүгийн загварчлалтай уялдуулан гүйцэтгэх бөгөөд Анхан шатны эдийн засгийн тооцооллыг 2026 оны 3-р улиралд эцэслэхээр төлөвлөсөн.
Хөвийн Хар өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн
Хөвийн Хар зэсийн порфирийн цогцолборын хойд хэсэгт гидротермаль хувиралттай интрузив нэгжүүд болон брекчүүдээс бүрэх, ойролцоогоор 20 км2 талбайг хамарсан томоохон бүсэд тархсан зэсийн хүдэржилтийг тогтоосон. Хөвийн Хар талбайд илэрсэн зэсийн хүдэржилтийн интервалууд нь гидротермаль хувиралттай интрузив брекч, калийн хувирал болон хүдэржсэн хэлтэрхий агуулж байгаа нь гүндээ хүдэржилтийн эх үүсвэр байгааг илтгэж байна. Хамгийн өндөр агуулгатай зэсийн хүдэржилтийг 2026 оны 1-р сард тайлагнасан бөгөөд энэ нь 2010 оны сүүлээр өрөмдсөн ZMD-121 цооногт огтолсон хүдэржилтийг тэлж шалгах зорилгоор өрөмдсөн ZMD-162 цооногоос илэрсэн. ZMD-162 цооногт 0.63% зэс болон 2.9 г/т мөнгөний агуулга бүхий 65 метрийн интервал огтолсон ба үүнд 1.25% зэс, 6.1 г/т мөнгөний агуулга бүхий 30 метрийн интервал багтаж байна.
Хоёр дахь цооног болох ZMD-163-ийг ZMD-162 цооногоос хойд зүгт газрын гадаргад ойр байрлах хувирлын бүсийг шалгахаар өрөмдсөн ба аномаль зэсийн хүдэржилт бүхий өргөн бүсүүдийг огтолсон. Үүнд: 0.1% зэсийн агуулга бүхий 24 метрийн интервал багтсан бөгөөд аномаль зэсийн хүдэржилтээр төгссөн.
Хөвийн Хар хэтийн төлөв бүхий талбайн зэсийн порфирийн боломжийг цаашид бүрэн үнэлэхийн тулд нэмэлт өрөмдлөг шаардлагатай гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан Хөвийн Хар порфирийн системийг нарийвчлан тодорхойлох, цаашдын өрөмдлөгийн зорилтот бүсүүдийг тооцоолох зорилгоор гүний геофизикийн судалгааны хөтөлбөр боловсруулж байна.
Хүснэгт 2 – Сорьцын шинжилгээний үр дүнгийн хураангуй – Хөвийн Хар зэсийн талбай
| Цооног | From (m) | To (m) | Width | Cu % | Ag g/t |
| ZMD-162 | 286 | 351 | 65 | 0.630 | 2.900 |
| үүнд | 298 | 328 | 30 | 1.250 | 6.100 |
| ZMD-163 | 8 | 104 | 96 | 0.074 | – |
| үүнд | 24 | 48 | 24 | 0.106 | – |
| AND | 122 | 200(1) | 78 | 0.049 | – |
- Цооногийн төгсгөл
Жаргах Наран алтны хэтийн төлөв бүхий талбай
Жаргах Наран алтны хэтийн төлөв бүхий талбай (“Prospect”) нь Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд, Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун зүгт 3.8 км-т байрладаг. Тус талбайд зүүн-баруун чиглэлтэй исэлдсэн кварцын нарийн судлууд цувран тархсан бөгөөд 100 метр хүртэлх суналын уртаар зураглагдсан. Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэсэн гадаргын сорьцлолын үр дүнд 5.5 г/т хүртэлх алтны агуулга тогтоогдсон.
2025 оны 12 сард (ZMD-164, 165 ба 166) тус тусдаа зорилтот гурван бүсийг шалгахаар ойролцоогоор 100 метрийн зайтай байрлуулсан гурван хайгуулын цооног өрөмдсөн.
Эдгээрээс хоёр цооног буюу ZMD-164 ба ZMD-165 нь газрын гадаргаас эхлэн цооногийн бараг бүх уртаар алтны аномаль өндөр утгуудыг тасралтгүй огтолсон. Үүнд: ZMD-164 цооногт 0.19 г/т алтны агуулга бүхий 5 метрийг багтаасан 28 метрийн зузаан монцонит порфирийг огтолсон нарийн ширхэгтэй сульфид болон цахиурлаг судлуудаас тогтсон штокверк бүс багтаж байна. ZMD-165 цооногт мөн адил ZMD-164-т огтолсон ижил төрлийн штокверк судал бүхий монцонит порфирийн нэгжийг огтолсон ба 0.20 г/т алтны агуулга бүхий 4 метр, 0.27 г/т агуулга бүхий 3 метр багтаж байна.
Зуун Мод Молибден-зэсийн төслийн тухай
Зуун Мод молибден-зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч, мөн гангийн тэргүүлэх үйлдвэрлэгч болох БНХАУ-ын хилийн боомт болон Монгол Улсын томоохон уул уурхайн дүүргээс баруун хойд зүгт ойролцоогоор 180 км-т, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Компанийн 100% эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 6,041 га талбайг хамардаг бөгөөд 60 жилийн хугацаанд хүчинтэй (2011 онд олгогдсон). Тус төсөл нь Эрдэнэ Ресурсийн Баян Хөндий алтны төслөөс зүүн тийш 35 км-т оршдог.
Эрдэнэ Ресурс нь олон жилийн хайгуулын хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордын хил зааг, түүнчлэн зэс, молибденийн хэтийн төлөв бүхий хэд хэдэн талбайг тодорхойлсон нь 16 км радиус бүхий порфирийн цогц системд багтдаг. Өнгөрсөн жилүүдэд компани алтны төслүүдэд төвлөрч ажилласантай холбоотойгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд авснаас хойш Хөвийн Хар талбайд хайгуул болон техникийн судалгааны ажлууд харьцангуй хязгаарлагдмал хэмжээнд хийсэн.
2025 оны 10-р сард Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн ордын шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулсан. Шинэчилсэн нөөцийн тооцооллоор 0.056% молибден, 0.064% зэсийн агуулга (0.073% молибден эквивалент (“MoEq”)) бүхий 271.1 сая тонн буюу 439.2 сая фунт (“Mlbs”) баттай болон бодитой нөөц тооцоолсон. Мөн 0.051% молибден, 0.059% зэсийн агуулга (0.070% молибден эквивалент (“MoEq”)) бүхий 269.1 сая тонн буюу 416.3 сая фунт (“Mlbs”) боломжтой нөөц тооцоолсон. Уурхайн оновчлолыг 0.035% дээш молибденийн захын агуулгаар, молибденийн үнийг US$22/фунтээр тооцон, тайлагнасан. Mo-ийн эквивалент (MoEq)-ийг дараах томъёогоор тооцсон: MoEq% = Mo% + Cu% * 0.27504, металл авалтыг Mo- 83%, Cu- 81%-иар тооцоолсон. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй компанийн 2025 оны 10 сарын 10-ны хэвлэлийн мэдээнээс танилцана уу.
Мэргэшсэн этгээд
Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээ дэх техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид олон төрлийн элементийн агуулгыг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон.
Эрдэнэ Ресурсийн дээжлэлтийн протокол нь зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцагт үлдээн Компанийн Баянхөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу тээвэрлэдэг.
Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Зуун Модын өрөмдлөгийн цооногуудыг 70 градусын уналаар өрөмдсөн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийг олборлолтын шат руу хөгжүүлэхээс гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
[1] MoEq%=Mo% + Cu% * 0.27504 ба 83% Mo болон 81% Cu металл авалттайгаар тооцож, молибденийн үнийг нэг фунт US$15.4, зэсийн үнийг нэг фунт нь US$4.34 байхаар тооцоолсон.
