Posts

Эрдэнэ Ресурс нь Хар Морь алтны хэтийн төлөв бүхий талбайд өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Хар Морь алтны хэтийн төлөв бүхий талбайд өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүллээ

Хэвлэлийн мэдээ

Нова Скошиа муж, Халифакс хот

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслөөс хойд зүгт 2 км-т орших Хар Морь талбайд алтны хайгуулын хөтөлбөрийг эхлүүлснийг танилцуулахад таатай байна.

Тодруулга

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “2021 онд Хар Морин Дэл талбайг нээн илрүүлснээс хойш Эрдэнэ Ресурс нь 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон. Өрөмдлөгийн хөтөлбөрөөр Хар Морь (20 км² хамарсан) талбайд үндсэн хүдэржсэн бүсээс гадна газрын дөт гүнд өндөр агуулга бүхий алтны хүдэржилт агуулж буй эсэхийг шалгана.”

“Баянхөндийн алтны үндсэн ордоос хойд зүгт 2 км-т орших Хар Морь талбайн хүдэр нь Баянхөндийн алт боловсруулах үйлдвэрийг тэжээх өндөр агуулга бүхий хүдрийн нѳѳцийг тэлэх боломжтой гэж үзэж байна. Хар Морь талбайн өндөр агуулга бүхий нөөцийг тэлснээр бүтээн байгуулалтын эхний үе шатыг эхлүүлж буй Баянхөндий алтны төслийн эдийн засгийн үр дүнг сайжруулах боломжтой.”

Өрөмдлөгийн хөтөлбөрийн тухай

2023 оны 2-р улирлын Хар Морь талбайн хайгуулын хөтөлбөрөөр 1000 тууш метрийн 18 гүехэн цооног өрөмдөх бөгөөд Хар Морин Дэлтэй төстэй газрын дөт гүнд исэлдсэн алтны хүдэржилтийг шалгах зорилготой. Алмазан өрөмдлөгийн зэрэгцээ Хар Морь талбайн цөмд 9 км² талбайг хамарсан цахилгаан туйлшралын геофизикийн судалгааг хийж байна.

Зорилтот бүс нь (Хар Морь талбайн план зураглалтай Хавсралтаас танилцана уу) Хар Морин Дэл структуртай зэргэлдээ орших Зүүн-Хойд трендийн структур болон Хойд-Өмнөд хагарлын огтлол дээр хэдэн км талбайг хамран алт болон маркер элементийн хүдэржилт агуулдаг. Өрөмдлөг болон геофизикийн үр дүнг хүлээн авч, тайллыг гүйцэтгэснээр түүнд тулгуурлан 3-р улиралд эхлүүлэх томоохон хөтөлбөрийн бүсүүдийг тодорхойлно.

Хар Морь хэтийн төлөв бүхий талбайн тухай

Хар Морь талбай нь (дунджаар 20 км2 талбайг хамардаг) Хөндий ашиглалтын, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хойд хэсэгт оршдог бөгөөд 1 г/т-оос дээш алтны агуулга бүхий хэд хэдэн гадаргын чулуулгийн дээжлэлт, суваг малталт болон чөмгөн дээж бүхий хөрсний аномализм дахь алтны утгаар тодорхойлогддог. Дагалдах элемент болон геофизикийн гажлууд нь чулуулгийн хувирал эрдэсжилттэй холбоотой бөгөөд хувирлын ул мөр нь хүдэржсэн шингэнийг дамжуулагч структур болохыг батлахын зэрэгцээ Хар Морь талбай нь эпитермаль төрлийн хүдэржилтийн загвартай дүйцэж буйг илтгэнэ. Компани нь Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших Хар Морь талбайд 2022 онд 2,355 тууш метрийн 28 цооног өрөмдсөн ба өнөөг хүртэл нийт 24,092 тууш метрийн 218 цооногийг 8-аас 318 метрийн босоо гүнд өрөмдсөн.

Өнөөг хүртэл гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөр нь 2021 оны эхээр нээн илрүүлсэн Хар Морин Дэл бүсэд төвлөрсөн. Эрдэнэ Ресурс нь Баянхөндий ордоос хойд зүгт 2 км-т өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, AAD-58 цооногийн 10 метрээс эхлэн 27.1 г/т алтны агуулга бүхий 8 метр интервал багтаасан 6 г/т алтны агуулга бүхий 45 метр огтолсноор Хар Морин Дэл бүсийг илрүүлсэн. Өнгөрсөн жил гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрөөр Хар Морин Дэл бүсэд 1.5 км хувирлын тренд ба алтны хүдэржилтийг тодорхойлсон нь хойд өмнөд болон гүндээ судлын дагуу нээлттэй. Анхны нээлтээс хойш гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрүүдийн онцлох үр дүнг доор харуулав:

  • AAD-126: Цооногийн 10 метрээс эхлэн 5.63 г/т алтны агуулга бүхий 30 метрийн интервал огтолсон ба түүнд цооногийн 26 метрээс эхэлсэн 24.12 г/т алтны агуулга бүхий 6 метрийн интервал багтаж байна.
  • ADD-137: Цооногийн 1.5 метрээс эхлэн 9.4 г/т алтны агуулга бүхий 24.5 метр огтолсон ба түүнд 16.1 г/т алтны агуулга бүхий 13.5 метрийн интервал багтсан.
  • ADD-138: Цооногийн 18 метрээс эхлэн 6.1 г/т алтны агуулга бүхий 25 метр огтолсон ба түүнд 17.1 г/т алтны агуулга бүхий 8 метрийн интервал багтсан.
  • AAD-177: Цооногийн 1 метрээс эхлэн 11.4 г/т алтны дундаж агуулга бүхий 23 метр огтолсон ба түүнд 32.2 г/т алтны агуулга бүхий 8 метрт 59.8 г/т алтны агуулга бүхий 4 метрийн интервал багтаж байна.
  • AAD-178: Цооногийн 11 метрээс эхлэн 42.8 г/т алтны дундаж агуулга бүхий 15 метр огтолсон ба түүнд 123.5 г/т алтны агуулга бүхий 5 метрт 160.4 г/т алтны агуулга бүхий 3 метрийн интервал багтаж байна.
  • AAD-218: Газрын гадаргаас эхлэн 20.2 г/т алтны агуулга бүхий 12 метр огтолсон ба түүнд 39.6 г/т алтны агуулга бүхий 6 метрийн интервал багтсан.

Хар Морин Дэл бүс нь анхдагч эрдэсжүүлэгч шингэнийг дамжуулагч хэмээн тайлбарладаг зүүн-хойд трендийн дагуу гүнд байрлах хувирлын хагарлыг огтолж буй хойд-өмнөд тренд, шугаман структурын коридортой холбогддог. Хойд-өмнөд структур нь Баянхөндийн өмнөд хэсгээс Хар Морийн хойд тэлэлтийн бүс хүртэл 5 км талбайг хамардаг. Алтны хүдэржилт нь кварц, кварц-гематит судал болон штокверк бүсээр огтолсон хүчтэй хувирсан туф болон галт уулын чулуулгийн дотор оршиж байна. Хар Морин Дэлийн дөт гүн дэх исэлдсэн бүс нь газрын гадаргаас эхлэн, 1 метрээс дээш 195 г/т алтны агуулга бүхий супергенээр баяжуулсан алтны бүсүүдийг агуулан, хагарлын дагуу хэсэгчлэн гүн исэлдэн 20-60 метрийн босоо гүнд өөр өөр зузаантай оршиж байна. Өндөр агуулга бүхий исэлдсэн биет нь хойд өмнөд суналын дагуу үргэлжилж байгааг тодорхойлсон. Хүдэржилт нь суналын дагуу болон гүндээ нээлттэй.

Хар Морин Дэл бүс дэх газрын дөт гүний исэлдсэн алтны бүс нь цагаан гялтгануураар хувирсан литологи агуулагч гидротермаль брекч ба сульфид агуулсан эпитермаль судлын исэлдлийн үр дүн юм. Өрөмдлөгийн хязгаарлагдмал гүний судалгаагаар алт агуулагч эпитермаль судал түүнтэй холбоотой цагаан гялтгануур сульфид хувирлын бүсүүд нь босоо гүнд 230 метр хүртэл ажиглагдсан бөгөөд гүндээ нээлттэй. Хар Морин Дэл бүсийн газрын дөт гүн дэх алтны хүдэржилт нь структурын хяналттай хувирал болон өргөн бүсийг хамран палеон гадарга руу ойртон алт агуулагч шингэнийг тараан, тэжээгч структуртай холбогдож байна хэмээн үздэг. Эдгээр тэжээгч структур нь гүндээ зэсийн аномаль нэмэгдэж буй алтны хүдэржилтээс өмнөх үетэй холбогдон, хэд хэдэн ил гарсан үлдэгдэл кварцын литокапуудыг агуулдаг. Эдгээр литокапууд нь гүндээ магмын порфирийн эх үүсвэрээс тэжээгч бүсүүд болон хагарлын хувирлыг төлөөлж буй Хойд-өмнөд трендийн структурын дагуу давамгайлан тархсан. Дээр танилцуулсан өндөр агуулга бүхий алт агуулагч исэлдсэн бүсүүд нь кварц литокапийн үлдэгдэл болон туфаас порфирт галт уулын задралын нэгжид байрлаж байна.

2022 оны 2-р улиралд Хар Морь талбайд гүйцэтгэсэн урвуу үлээлэгт өрөмдлөгөөр хэд хэдэн бүсийг тодорхойлсон. Хар Морин Дэлээс зүүн зүгт 500 метрт 8 га талбайг хамарсан Зүүн Дэл бүсэд урвуу үлээлэгт өрөмдлөг гүйцэтгэсэн бөгөөд аномаль алт (0.22 г/т алтны агуулга бүхий 3 метр) ба маркер элементүүд (сурьма, хүнцэл) илэрсэн. Зүүн Дэл бүс нь өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэлийн хүдэржилттэй төстэй структур болон геологийн тогтоцтой.

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Монгол Улсын баруун урд бүсэд 1 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн хувь эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна. www.erdene.com-оос. Important information may be disseminated exclusively via the website; investors should consult the site to access this information.

Мэргэшсэн этгээд (геологич) ба дээжлэлтийн протокол

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич (P.Geo, Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба урьдчилсан ТЭЗҮ, АШЭЗТ-оос бусад техникийн мэдээлэл, Баян Хѳндийн эрдсийн баялаг, нѳѳцѳѳс бусад мэдээ мэдээллийг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. Бүх дээжийг Улаанбаатар хот дахь Эс Жи Эс (“SGS”) лабораторид шинжлүүлсэн. Эс Жи Эс лабораторийн дотоод хяналт шалгалтаас гадна, Компани нь тусгай стандарт бэлдэц, хээрийн болон лабораторийн хуулбар, мөн хүдэржилтгүй бэлдцийг ашиглан дээжийн чанарын хяналт, баталгаажуулалт (“QА/QC”)-ын протоколыг гүйцэтгэсэн. Бүх дээжид алтны агуулгыг стандарт Хайлуулах аргаар (fire assay), бусад 33 химийн элементийг Индукцын хос плазмт спектрометрийн арга (Inductively Coupled Plasma Optical Emission Spectroscopy) ашиглан тогтоосон. 5 г/т алтны агуулгаас дээш агуулга илэрсэн дээжүүдэд алтны шигшүүрийн шинжилгээ (screen-metallic gold analysis) хийсэн ба энэ нь 500 гр дээжний 75 микроноос бага байх 30 гр бүхий 3 дээж болон 75 микроноос том байх хэсгүүдэд хийгдсэн алтны хайлуулах (fire assay) шинжилгээнүүдийн жигнэсэн дунджаар илэрхийлэгддэг.

Эрдэнийн дээжлэлтийн протокол нь (хүдэржилт болон чулуулгийн төрлөөс хамаарч) зарим нэг жижиг, хүдэржилтийн дараа үеийн чулуулаг болон хүдэржилтгүй боржинг алгассан, 1 эсвэл 2 метрийн интервалтайгаар, цооногийг бүтнээр нь хамарсан дээжлэлтээс бүрддэг. Дээжлэлтийн интервалыг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэдэг ба геологийн хяналт эсвэл хүдэржилтээс хамаардаггүй болно. Бүх дээжийг чөмгөн дээжний гүний метр дээр үндэслэн алмазан хөрөөгөөр 2 тэнцүү хуваадаг. Хуваагдсан дээжийн талыг дээжний уутанд ялган авч дээжилдэг бөгөөд үлдсэн талыг нь дээжний хайрцганд үлдээн Компанийн Баян Хөндий дэх хээрийн ангид аюулгүй байдлыг ханган хадгалдаг. Бүх дээжийг нэг багцандаа 30 дээж байхаар хуваарилдаг ба багц болгонд стандарт бэлдэц, хүдэржилтгүй бэлдэц, лабораторийн хуулбар болон хээрийн хуулбар дээж буюу дээжийг 4 хуваан, 2-ыг нь 2 тусад нь дээжлэн хийж Улаанбаатар дахь Эс Жи Эс (“SGS”) лаборатори руу шууд тээвэрлэдэг. Тээвэрлэлтийг Эрдэнэ Ресурсийн ложистикийн гэрээт компани Монруд ХХК гүйцэтгэдэг.

Тайлагнасан интервал нь бодит зузаан бөгөөд өөрөөр хэлбэл цооногийн өргөн юм. Улаан талбайн өрөмдлөгийн цооногуудыг 85 градусын уналаар өрөмдсөн ба алт агуулсан судлын баруун-хойд баруун трендийн дагуу баруун урд уналын дагуу чиглэсэн. Бодит өргөнийг баталгаажуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Интервалуудын тайлагнасан агуулга нь түүвэр интервалын уртад үндэслэсэн жигнэсэн дундаж үзүүлэлтүүд юм. Дээд хязгаарлалт хийгээгүй боловч 10 г/т болон 100 г/т алтны агуулгаас ѳндѳр агуулга бүхий интервалыг тодруулахаар тусад нь тайлагнадаг.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected] 

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:      https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.