3

Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн ордын шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь Зуун Мод молибден-зэсийн ордын шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулаа

Хэвлэлийн мэдээ 

Халифакс муж, Нова Скошиа хот 

2025.10.02

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
  • Эрдэнэ Ресурсийн 100% эзэмшил тусгай зөвшөөрөл нь Азийн хамгийн том, хөгжүүлэлт хийгдээгүй молибден-зэсийн ордын нэг юм.
  • Эрдэнэ Монголын Баянхөндий алтны уурхайгаас 35 км-т, дэлхийн хамгийн том молибденийн хэрэглэгч БНХАУ-ын хилээс 180 км-т, дэд бүтэц хөгжиж буй бүс нутагт байрладаг.
  • Өмнө нь танилцуулж байсан нөөцийн тооцоололтой харьцуулахад шинэчилсэн нөөцийн тооцоолол нь:
    • Молибденийн Баттай болон Бодитой нөөц 22% өсөж, 333 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 95% өсөж, 300 сая фунт болсон.
    • Зэсийн Баттай болон Бодитой нөөц 16% өсөж, 384 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 75% өсөж 350 сая фунт болсон.
  • Томоохон молибден-зэс болон зэс-мөнгөний порфирийн систем дагуу хайгуулын хэтийн төлөв өндөр бүхий бүсүүд оршдог.
  • 2025 оны 4-р улиралд төлөвлөсөн нэмэлт өрөмдлөгийн хөтөлбөрөөр зэсийн талбайг шалгах болон нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судална. 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERDCD) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Баруун өмнөд Монголын Хөндий Эрдсийн Дүүрэгт орших компанийн 100% эзэмшил Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулж байгаадаа таатай байна. (Байршлыг Зураг 1-ээс харна уу)

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “Бид Зуун Мод төслийн нөөцийг шинэчлэн тооцоолж, тус төслийг Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй молибден-зэсийн хамгийн том ордуудын нэг болохыг дахин баталсандаа баяртай байна. Уг төсөл нь дэлхийн хамгийн том зэс, молибденийн хэрэглэгч, ган үйлдвэрлэгч улсаас 200 км-т, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй бүс нутагт, Баянхөндий алтны ордтой ойр оршдог.” 

Тэрээр үргэлжлүүлэн, “Молибден нь критикал ашигт малтмалын нэгт тооцогдох болсон ба түүний электрон тоног төхөөрөмж, агаарын хөлөг, батлан хамгаалахын салбар дахь эрэлт өсөж, бүс нутгийн боловсруулах хүчин чадал нэмэгдсээр байна. Молибденийн урт хугацааны төлөв өөдрөг байгаа нь Зуун Модын бүтээгдэхүүн зах зээлд төвөггүйгээр шингэх боломжтойг харуулж байна.”

Эцэст нь, “Ордын геологи болон структурын онцлогийг илүү нарийн ойлгож чадсанаар нөөцийг нэмэгдүүлэх болон ордыг тэлэх боломжуудыг бий болгосон. 2025 оны 4-р улиралд төлөвлөсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөр энэхүү боломжуудыг нарийвчлан судлан, системийн хойд хэсэг дэх зэсийн бүсүүдийг шалгана. Бид ордыг үргэлжлүүлэн тодорхойлохын зэрэгцээ төсөл хөгжүүлэлттэй холбоотой зах зээлийн болон техникийн судалгааг гүйцэтгэж байна.”

Зуун Мод ашигт малтмалын нөөцийн шинэчилсэн тооцоолол

Компани нь Зуун Мод төслийн шинэчилсэн ашигт малтмалын нөөцийн тооцооллыг хураангуйлан танилцуулж буйдаа таатай байна. Тайланг SLR Consulting Australia Pty Ltd (“SLR”) компани Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны хүрээлэнгийн (CIM) удирдамж болон Ашигт малтмалын төслийн мэдээллийн тайлагналын стандарт (NI 43-101)-ын дагуу боловсруулсан.

SLR компани нь Зуун Мод ордын ашигт малтмалын шинэчилсэн нөөцийн тооцооллыг (“MRE”) Эрдэнэ Ресурсийн 2025 оны 8-р сар хүртэл цуглуулсан мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Зуун Мод төслийн шинэчилсэн нөөцийн тооцоолол болон тулгуурласан мэдээлэл нь NI 43-101 болон CIM-ийн тодорхойлолтын стандартын удирдамжид нийцэж байгаа тул тайланг боловсруулсан компани нь олон нийтэд тайлагнахад тохиромжтой гэж үзсэн. Шинэчилсэн нөөцийн тооцооллыг SLR-ийн ажилтан, Австралийн Геологичдын Хүрээлэнгийн гишүүн, мөн NI 43-101-ийн дагуу “Мэргэшсэн этгээд” (“QP”) хэмээн тодорхойлогдсон Бат-Очирын Оюунбат боловсруулсан.

Шинэчилсэн нөөцийн тооцооллын үр дүнг доорх хүснэгтэд хураангуйлан харуулав. Захын агуулгын параметрүүдийг SLR нь өөрийн дотоод тооцоолуур ашиглан сонгосон бөгөөд ил уурхайн аргаар олборлох, 3% хүдэр алдагдал, 4% хорогдол бүхий, Mo-гийн үнэ US$15.4/фунт, ил уурхайн зардал US$2.18/тонн, боловсруулах зардал US$6.85/тонн, металл авалт Mo-д 83%, Cu-д 81% гэж үзсэн. Молибден, зэсийн баяжмалыг флотацийн аргаар боловсруулах технологид үндэслэсэн. Ашигт малтмалын нөөц нь Зуун Модын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хязгаар болон 0.01% молибденийн захын хязгаараар тогтоосон загварчлалаар хязгаарлагдсан. Уурхайн оновчлолыг 0.035% дээш молибденийн захын агуулгаар, молибденийн үнийг US$22/фунт, зэсийн үнийг US$4.95/фунтээр тооцон, тайлагнасан. Зуун Модын нөөцийн тооцооллын мэдэгдэл, түүний тэмдэглэлтэй 5-р хуудаснаас танилцана уу. Тайлан 2025 оны 9 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

2025 оны Зуун Мод төслийн шинэчилсэн нөөцийн тооцоолол нь 2011 онд танилцуулсан тооцоололтой харьцуулахад ойролцоогоор 50% өссөн үзүүлэлттэй байна:

  • Молибденийн Баттай болон Бодитой нөөц 22% өсөж, 333 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 95% өсөж, 300 сая фунт болсон.
  • Зэсийн Баттай болон Бодитой нөөц 16% өсөж, 384 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 75% өсөж 350 сая фунт болсон.

Хүснэгт 1: Зуун Модын нөөцийн тооцоолол; 2025.09.01-ээс хүчинтэй

АнгилалТоннMoCuMoEqMoCuMoEq
Mt%%%MlbsMlbsMlbs
Баттай45.80.0570.0620.07457.762.274.8
Бодитой225.30.0560.0650.073275.9322.0364.4
Баттай+Бодитой271.10.0560.0640.073333.5384.2439.2
Боломжтой269.10.0510.0590.070300.0350.7416.3

Нөөцийн өсөлт нь Зуун Мод ордын хүдэржилтийн структур, түүний хяналтын тайлал, нэмэлт өрөмдлөгийн үр дүнтэй холбоотой. Нөөцийн шинэчилсэн тооцооллыг 2023 онд гүйцэтгэсэн өрөмдлөгийн үр дүн, өрмийн дээжийн мэдээллийг дахин бүртгэсэн бүртгэл болон уурхайн загвараар хязгаарлагдсан нөөцийг дахин тооцоолсон зэрэг дээр тулгуурласан. 2025 онд өрмийн дээжийг дахин бүртгэж, 2023 оны өрмийн дээжийн мэдээллийг ашиглан манай баг SLR-ийн нөөц тооцоолох ажилтантай хамтран шинэ судлын чиглэлийн мэдээллийг тусгасан нөөцийн загварчлалыг шинэчилсэн. Энэхүү судалгаагаар хүдэржсэн судлууд босоо болон хэвтээ чиглэлд давамгайлж байгааг харуулсан.

Зуун Мод Молибден-зэсийн төслийн тухай – Ирээдүйн төлөвлөгөө

Зуун Мод молибден-зэсийн төсөл нь Монгол Улсын Баянхонгор аймагт, дэлхийн зэс-молибденийн хамгийн том хэрэглэгч, ган үйлдвэрлэгч БНХАУ-ын хилээс 180 км-т оршдог. Компанийн 100% эзэмшдэг энэхүү төсөл нь 6041 га бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хамарч оршдог. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд олгосон нь 70 жил хүртэл сунгах боломжтой. Зуун Мод төсөл нь Баянхөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрладаг. Молибден-зэс болон зэс-мөнгөний порфирийн цогцолборын хүрээнд 5 км диаметр талбайд хайгуулын хэтийн төлөв өндөр бүсүүдтэй.

Өнөөг хүртэл Зуун Мод төсөл дээр гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрүүд нь босоо (-90О) болон босоо чиглэл давамгайлсан (-85О) чиглэлтэй хийгдсэн. Үүнээс харахад, өрөмдлөгийн мэдээлэлд босоо чиглэл давамгайлсан судлууд нь харьцангуй дутуу төлөөлөгдсөн байх магадлалтай. Компани нь 2025 оны 4-р улиралд налуу (-60 О г.м) цооног ашиглан, чиглэлт өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Энэхүү өрөмдлөгөөр судлын чиглэлийн мэдээллээс гадна босоо чиглэл давамгайлсан судлын систем дэх судлуудын давтамжийг тодорхойлох зорилготой. Өрөмдлөгийн үр дүнд тулгуурлан Зуун Модын нөөцийг хэмжээ болон агуулгын хувьд мэдэгдэхүйц өсгөх боломжтой хэмээн үзэж байна. Зуун Мод тусгай зөвшөөрлийн талбайд 16 км тойрог бүхий порфирийн цогцолборт хэд хэдэн зэс, молибден, алтны илрэл тогтоогдоод байна.

Мөн 4-р улиралд төлөвлөсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөр Зуун Мод молибден-зэсийн ордоос баруун хойд зүгт 2.2 км-т орших Хөвийн Хар зэсийн хэтийн төлөв бүхий талбайг шалгана. Геологийн зураглал, хувирал болон судлын нягтралын зураглал, геофизикийн судалгаа, хязгаарлагдмал өрөмдлөгийн үр дүнд 900 метр үргэлжлэх өргөн хэмжээний зэсийн хүдэржсэн бүсийг тодорхойлсон. Газрын гүнд хийсэн өрөмдлөгийн үр дүнд 300 метрийн гүнд 1.3% зэс, 9.2 г/т мөнгөний агуулга бүхий 34 метрийн зэс-мөнгөний хүдэржилт бүхий интервал огтолсон. 

Мөн төлөвлөсөн өрөмдлөгийн хөтөлбөрөөс гадна боловсруулалтын туршилт, ашиглалт ба дэд бүтцийн үнэлгээ болон зах зээлийн судалгааг давхар гүйцэтгэж байна.

Молибденийн зах зээлийн тухай

Молибден нь бусад материалын гүйцэтгэлийг сайжруулдаг тул стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрлэлийн металл гэж тодорхойлогддог. Молибденийг зэвэрдэггүй болон тусгай зориулалтын гангийн үйлдвэрлэлд ашигласнаар бат бөх чанар, халуунд тэсвэрлэх чадвар, зэврэлтийн эсэргүүцлийг сайжруулдаг. Мөн барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, агаарын хөлөг, батлан хамгаалах салбар болон электрон тоног төхөөрөмжид өргөн хэрэглэгддэг молибденийн шинж чанар нь онцлог, орлох боломж хомс материал юм. 

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл болон тусгай зориулалтын гангийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа нь богино болон дунд хугацаанд өндөр чанартай молибденийн эрэлтийг өсгөх төсөөлөлтэй байна. Урт хугацаанд томоохон хэмжээний ордуудын тоо хэмжээ багасаж, ашиглалтын хугацаа буурч байгаа болон өндөр хөрөнгө оруулалтын шаардлага, байгаль орчны хязгаарлалт, төсөл хөгжүүлэлт хийхэд урт хугацаа шаардлагатай байдаг зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нийлүүлэлтэд тодорхой хязгаарлалтууд үүсэхтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэх боломжтой. Дэлхийн олборлолтын дийлэнх БНХАУ, АНУ, Чили болон Перу улсуудад төвлөрдөг.

Дээрх нөхцөлд Зуун Мод төсөл нь БНХАУ, БНСУ, Япон зэрэг молибденийн томоохон хэрэглэгчид болон боловсруулалтын хүчин чадал эрчимтэй тэлж буй Вьетнам, Тайланд зэрэг хөгжиж буй зах зээлд ойр байрлаж байгаагаараа давуу талтай. Эрдэнэ Ресурс нь молибденийн баяжмал бүтээгдэхүүнийг бүс нутгийн өндөр эрэлттэй зах зээлд харьцангуй хялбараар нийлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Мэргэшсэн этгээд 

Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан Зуун Мод ордын шинэчилсэн нөөцийн тооцоололтой (“MRE”) холбоотой мэдээллийг SLR Consulting Australia Pty Ltd-ийн ажилтан, Австралийн Геологичдын Хүрээлэнгийн гишүүн Бат-Очирын Оюунбат нэгтгэн боловсруулж, хянан шалгасан. Б.Оюунбат нь мэдээлсэн төслийн хүдэржилтийн хэв шинж, ордын төрлөөр мэргэшсэн арвин туршлагатай ба Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” (“Qualified Person”)-ээр тооцогдох эрх бүхий хүн юм. Тэрээр Эрдэнэ Ресурстай холбоотой аливаа ашиг сонирхлын зөрчил байхгүйг мэдэгдсэн. Б.Оюунбат нь 2025 оны 6-р сард төслийн талбайд судалгаа хийн, ажилласан.

Мөн компанийн ахлах геологич Петер Далтон (Нова Скошиа муж) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан нөөцийн тооцооллоос бусад техникийн мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно. 

Зуун Мод ордын ашигт малтмалын нөөцийн мэдэгдлийн тэмдэглэл; 2025.09.01-ээс хүчин төгөлдөр болсон:

  1. Ашигт малтмалын нөөцийг тайлагнахдаа Ашигт малтмалын нөөцийн CIM тодорхойлолтын стандарт (2014)-ыг ашигласан.
  2. Ашигт малтмалын нөөцийн тооцооллыг SLR-ийн ажилтан, Австралийн Геологичдын Хүрээлэнгийн гишүүн Бат-Очирын Оюунбат нэгтгэн боловсруулсан. Б.Оюунбат нь мэдээлсэн төслийн хүдэржилтийн хэв шинж, ордын төрлөөр арвин туршлагатай ба CIM тайлагналын стандартад заасан “Мэргэшсэн этгээд” (Qualified Person) юм.
  3. Дээрх хүснэгтэд дурдсан Ашигт малтмалын нөөцийн мэдээлэл нь 2025 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаарх тооцоолол юм. Ашигт малтмалын нөөцийн тооцоолол нь ордын байршил, хэлбэр, үргэлжлэлийн мэдээлэл болон дээжлэлтийн үр дүнд тулгуурласан таамаг тооцоолол. Тооцооллоос үүдэн дээрх хүснэгтэд буй нийлбэрийг бүхэлдсэн бөгөөд үүнээс үүдэн зарим тохиолдолд тооцооллын зөрүү гарах магадлалтай.
  4. Ашигт малтмалын нөөцийг байгаль дээрх, хуурай нөхцөлөөр тайлагнасан.
  5. Ашигт малтмалын нөөцийг MV-016836 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилээр хязгаарлаж, молибденийн (Mo) захын агуулга 0.035%-аас дээш, Mo-гийн үнийг US$22/фунт, Cu-гийн үнийг US$4.95/фунтээр тооцсон ба орлогын хүчин зүйлийн дагуу оновчлогдсон уурхайн хүрээнд тайлагнасан. Захын агуулгын параметрүүдийг SLR нь өөрийн дотоод тооцоолуур ашиглан сонгосон бөгөөд ил уурхайн аргаар олборлох, 3% хүдэр алдагдал, 4% хорогдол бүхий, Mo-гийн үнэ US$15.4/фунт, ил уурхайн зардал US$2.18/тонн, боловсруулах зардал US$6.85/тонн, металл авалт Mo-д 83%, Cu-д 81% гэж үзсэн. Молибден, зэсийн баяжмалыг флотацийн аргаар боловсруулах технологид үндэслэсэн. Оновчлол бүхий уурхайн хүрээг Mo-ийн үнэ US$22/фунт, Cu-ийн үнэ US$4.95/фунтээр тооцоолж тогтоосон.
  6. Mo-ийн эквивалент (MoEq)-ийг дараах томъёогоор тооцсон: MoEq% = Mo% + Cu% * 0.27504, металл авалтыг Mo- 83%, Cu- 81% гэж үзсэн. 
  7. 1 тонн = 2204.64 фунт.
  8. Дээр дурдсан Ашигт малтмалын нөөцийн хүрээнд дэлгэрэнгүй эдийн засгийн тооцооллыг боловсруулаагүй тул бодит эдийн засгийн өгөөжийг тодорхойлоогүй.
Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 онд Баянхөндий алтны төслийг олборлолтын шат руу хөгжүүлэхээс гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ. 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.

Холбоо барих: 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419 

Email:             [email protected]  

Twitter:           https://twitter.com/ErdeneRes 

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource 

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.