Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.11.04
2026 оны 3-р улирлын онцлох мэдээлэл:
- Монголиан Майнинг Корпорэйшн-тэй хамтран эзэмшдэг Баянхөндий алтны уурхай 11,853 унц алт олборлож, нийт 51 сая ам.долларын орлого бүрдүүлсэн.
- 2026 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд 9,558 долларын цэвэр орлого бүртгэсэн.
- Хөндий Эрдсийн Дүүргийн хүрээнд алт, зэс болон молибденийн хүдэржилтийг судлах 16,500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн.
- 3-р улирлын эцэст Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг танилцуулсан ба ашиглалтын хугацаа урт, томоохон орд гэдгийг баталлаа.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2026 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурав болон есөн сарын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн хэрэгжүүлж буй Баянхөндий алтны уурхайн (“БХ”) үйл ажиллагааны талаарх шинэчилсэн мэдээллийг хүргэхэд таатай байна. Компанийн 2026 оны 3-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”), мөн Жилийн мэдээллийн маягт нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг бөгөөд эдгээр нь SEDAR+ систем болон Компанийн цахим хуудсанд байршсан болно. Өөрөөр заагаагүй бол энэхүү мэдээнд дурдсан бүх мөнгөн дүнг мянган канад доллараар илэрхийлсэн.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “Үйл ажиллагааны үзүүлэлтүүд тогтвортой сайжирч, боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 6%-аар өсөж, алт авалт 96% байсантай холбоотойгоор 3-р улирлын алтны үйлдвэрлэл 2-р улирлынхаас бага зэрэг өссөн. Мөнгөн урсгал сайжирсны үр дүнд Эрдэнэ Монгол ХХК нь тайлант хугацаанд 30 сая ам.долларын өр төлбөрийг барагдууллаа. Түүнчлэн тайлант улиралд ил уурхайн хүрээг тэлж, агуулга өндөр Страйкер болон Мидфийлд бүсүүдэд олборлолт хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь 4-р улиралд алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө гэж харж байна.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Ази тивийн хэмжээнд ашиглалт эхлээгүй молибдений хамгийн том ордуудын нэг болох Зуун Мод төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг (“PEA”) 10-р сард танилцуулсан. Өнөөгийн металлын зах зээлийн ханшаар Зуун Мод төсөл нь эдийн засгийн үр өгөөжтэй, томоохон хэмжээний урт хугацаанд ашиглах боломжтой төсөл болохыг харууллаа. Одоогоор уурхайн ашиглалтын эхний жилүүдэд олборлохоор төлөвлөж буй, газрын гадаргад ойр орших эрдсийн нөөцийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зорилготой 4,500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр, мөн молбиден, зэсийн хүдэржилтийн цаашдын хэтийн төлөвийг тодорхойлох гүний гурван хэмжээст геофизикийн судалгааг гүйцэтгэж байна.”
“3-р улиралд Эрдэнэ Монгол ХХК нь 12,000 метрийн алтны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд энэ нь 4-р улирлын турш үргэлжилнэ. Хоёр өрмийн машин Баянхөндий, Хар Морь болон Алтан Сум хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хайгуулын өрөмдлөг гүйцэтгэж байна. Эдгээр хэтийн төлөв бүхий талбайн олонхыг Канад-Монголын геологийн симпозиумын хүрээнд зохион байгуулсан хээрийн судалгааны үеэр нарийвчлан тодорхойлсон” хэмээн онцоллоо.
2026 оны 3-р улирлын онцлох үйл явдлууд:

Баянхөндий алтны уурхай – 50% хувь эзэмшил
- 2026 оны 3-р улиралд 11,853 унц алт, 3,046 унц мөнгө үйлдвэрлэж, борлуулсан.
- Алтыг нэг унцыг дунджаар $4,313 ам.доллар, мөнгийг нэг унцыг нь $56 ам.долларын дундаж үнээр борлуулж, нийт US$51 сая ам.доллар (71 сая кан.доллар)-ын борлуулалтын орлого төвлөрүүлсэн.
- Борлуулалтын нийт өртөг 23 сая ам.доллар (32 сая кан.доллар) буюу унц тутамд $1,942 ам.доллар байв.
- Нэг унц алтанд ногдох мөнгөн зардал 1,742 ам.доллар, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах нийт зардал (“AISC”) 1,848 ам.доллар байв.
- Тайлант улиралд нийт 164 мянган тонн хүдэр буюу өдөрт дунджаар 1,788 тонн хүдэр боловсруулав.
- Боловсруулах үйлдвэр тэжээх хүдрийн алтны дундаж агуулга 2.3 г/т байсан.
- Дунджаар 1.25 г/т алтны агуулга бүхий 415 мянган тонн хүдэр олборлосон.
- Тайлант хугацаанд нийт 4 сая тонн уулын цулыг олборлож, шилжүүлсэн.
- Сүүлийн 12 сарын дунджаар тооцсон хөдөлмөрийн чадвар түр алдалтад хүргэсэн ослын давтамж нэг сая хүн-цаг тутамд 1.4 байсан бөгөөд тайлант хугацаанд мэдээлэх шаардлагатай байгаль орчны зөрчил бүртгэгдээгүй.
- 3-р улиралд төслийн зээлийн үндсэн төлбөрөөс 30 сая ам.долларыг эргэн төлсөн.
Тайлант хугацааны эцэст Эрдэнэ Монгол ХХК-ийн зээлийн үлдэгдэл 93 сая ам.доллар, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 19 сая ам.доллар байна.
Хайгуул ба хөгжүүлэлт
- Хөндий Эрдсийн Дүүргийн хүрээнд 16,500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн.
- Баянхөндий – Баруун Страйкер: Баянхөндий ил уурхайн баруун хэсэгт орших алтны өндөр агуулгатай хүдэржилтийн бүсүүдийг нарийвчлан шалгаж, эрдсийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 9,000 метрийн өрөмдлөг гүйцэтгэхээр төлөвлөсөн.
- Хар Морь – Алтан Сум: Нуруулдан уусгах технологиор ашиглах боломжийг судлах хүрээнд исэлдсэн хүдрийн бүсийн алтны эрдсийн нөөцийг нарийвчлан тогтоож, нэмэгдүүлэх, мөн хүдэржилтийн үндсэн структурын ойролцоо газрын гадаргад ойр орших хүдэржилтийн бүсийг шалгах зорилгоор 3,000 метрийн өрөмдлөг гүйцэтгэхээр төлөвлөсөн.
- Зуун Мод: Урьдчилсан эдийн засгийн тооцоололд тусгасан уурхайн ашиглалтын эхний жилүүдэд олборлох хүдрийн агуулга, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг судлах зорилгоор Зуун Мод ордын газрын гадаргад ойр орших хүдэржилтийн бүсүүдэд 2,600 метрийн нарийвчилсан өрөмдлөгийн судалгаа хийнэ.
- Зуун Мод ордын хязгаарын дагуу болон Хөвийн Хар зэсийн хүдэржилтийн бүс: Зуун Мод ордын эргэн тойронд хүдэржилтийн үргэлжлэлийг тогтоох, зэсийн хүдэржилтийн хэтийн төлөв бүхий талбайнуудыг шалгах зорилгоор нийт 1,900 метрийн өрөмдлөг гүйцэтгэнэ.
- Quantec компанийн геофизикийн судалгаа – Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбай: Зуун Мод орд болон зэсийн хэтийн төлөв бүхий талбайнуудыг хамарсан нийт 100 шугаман км талбайд геофизикийн судалгаа хийж, гүний өрөмдлөгөөр шалгах шинэ зорилтот бүсүүдийг тодорхойлно. Судалгааны үр дүнг 2027 оны 1-р улиралд танилцуулахаар төлөвлөж байна.
- Зуун Мод төслийн урьдчилсан эдийн засгийн тооцооллыг танилцуулав ("PEA")
- Суурь хувилбарын тооцооллоор, молибдений урт хугацааны үнийг 25.00 ам.доллар/фунт, зэсийн үнийг 5.00 ам.доллар/фунт байхаар тооцоход татварын дараах цэвэр өнөөгийн үнэ цэн (“NPV8%”) 745 сая ам.доллар, дотоод өгөөжийн түвшин (“IRR”) 16.1% байна
- Молибдений зах зээлийн өнөөгийн үнийн түвшнээр, молибдений үнийг 33.00 ам.доллар/фунт, зэсийн үнийг 6.50 ам.доллар/фунт байхаар тооцоход татварын дараах цэвэр өнөөгийн үнэ цэн (“NPV8%”) 2.0 тэрбум ам.доллар, дотоод өгөөжийн түвшин 27.8% болж өсөхөөр байна.
- Уурхайн ашиглалтын хугацааг 34 жилээр тооцсон бөгөөд энэ хугацаанд нийт 672 сая фунт (305 мянган тонн) молибден, 947 сая фунт (430 мянган тонн) зэс олборлон баяжуулахаар тооцоолсон.
- Төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал 687 сая ам.доллар байна.
- Үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах нийт зардал (“AISC”) нь зэсийн дайвар бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг хасаж тооцсоноор үйлдвэрлэсэн молибденийн фунт тутамд 13.89 ам.доллар байна.
Төсөл нь Монгол - БНХАУ-ын хилийн төмөр замын өртөөнөөс ойролцоогоор 280 км зайд орших стратегийн давуу байршилтай тул Азийн худалдан авагчдын зүгээс бүтээгдэхүүнийг урт хугацаанд худалдан авах гэрээ байгуулах таатай боломжийг бүрдүүлж байна.
- Хар Морь болон Баянхөндий ордын хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах боломжийг шалгах туршилт, судалгааны ажлууд үргэлжилж байна.
- Урьдчилсан үр дүнгээр алтны агуулга багатай исэлдсэн болон шилжилтийн хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулах боломжтойг тодорхойлсон.
- Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Канад-Монголын геологийн симпозиумыг зохион байгуулсан.
- Тус симпозиумд дэлхийн хэмжээний томоохон ордуудыг нээн илрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эдийн засгийн геологийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж, оролцуулсан.
Компанийн тухай
- 2026 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд 9,558 долларын цэвэр орлоготой ажилласан бол 2025 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд 2,749 долларын цэвэр алдагдалтай байв.
- Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтаас хүлээн зөвшөөрсөн орлого буюу Эрдэнэ Монгол ХХК дахь Компанийн эзэмшлийн хувьд ногдох орлого 2026 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд 10,593 доллар байсан бол 2025 оны мөн үед 1,347 долларын алдагдал бүртгэсэн. Энэхүү өөрчлөлт нь Баянхөндий уурхайн олборлолт тайлант улирлын турш үргэлжилсэнтэй холбоотой бөгөөд өмнөх оны мөн үед нэг сарын үйлдвэрлэлийн үр дүн тусгагдсан байв.
- 2026 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хайгуул, үнэлгээний зардал 530 доллар байсан бол 2025 оны мөн үед 579 доллар байв. Тайлант улиралд геологийн мэргэжилтнүүдийн төслийн талбайд хийсэн айлчлал, судалгаатай холбоотой зардал болон хувьцаанд суурилсан урамшууллын зардал нэмэгдсэн ч өмнөх оны мөн үед анхны алт олборлохтой холбоотой урамшууллын хуримтлал бүртгэгдсэн, түүнчлэн Эрдэнэ Монгол компанитай байгуулсан менежментийн үйлчилгээний гэрээний дагуу нөхөн төлөгдөх зардлын хэмжээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт зардал буурсан.
- 2026 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын компанийн ерөнхий болон захиргааны зардал 688 доллар байсан бол 2025 оны мөн үед 865 доллар байв. Энэхүү өөрчлөлт нь хувьцаанд суурилсан урамшуулал олгох хугацааны зөрүүгээс шалтгаалан уг төрлийн зардал өмнөх оны мөн үеэс буурсантай холбоотой.
- Хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
- 3-р улиралд нэгж хувьцааг дунджаар $5.57 долларын үнээр, нийт 130,300 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгосон.
Үр дүнгийн тайлангийн хурал
Компанийн удирдлага 2026 оны 11 сарын 5-ны өдрийн өглөөний 9:00 цагт (Зүүн эргийн цаг, EST) вебкаст зохион байгуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай холбоотой мэдээллийг танилцуулна. Вебкастыг үзэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: ВЕБКАСТ
Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой.
Вебкастын бичлэгийг уг холбоосоор нэг жилийн хугацаанд үзэх боломжтой. Танилцуулгыг үзэхгүйгээр зөвхөн утсаар холбогдон оролцох бол:
- Хойд Америк – төлбөргүй дугаар: (+1) 800 717 1738
- Олон улсын дугаар: (+1) 289 514 5100
Мэргэшсэн этгээд
Компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал Жон Лёнс (FAusIMM) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан Баянхөндий уурхайн үйл ажиллагааны мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно.
Компанийн ахлах геологич Петер Далтон (Нова Скошиа муж) нь Ашигт малтмалын төслийн мэдээлэл тайлагналын стандарт (NI 43-101)-д заасан “Мэргэшсэн этгээд” бөгөөд хэвлэлийн мэдээнд багтсан хайгуултай холбоотой техникийн мэдээллийг компанийн өмнөөс хянан, баталгаажуулсан болно.
Компанийн тухай
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал байж болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн эх хувилбараас орчуулагдсан болно. Англи, монгол хувилбарын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарсан тохиолдолд англи хэл дээрх хувилбарыг баримтална.
Урьдчилсан таамаглал
Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдээс шаардлагатай зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын зардал, түүний дотор урьдчилан тооцоолсон зардал, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад зохицуулалтын шаардлагыг биелүүлэх компанийн чадавх, Зуун Мод молибден-зэсийн төслийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл, эрхийг авах болон хүчин төгөлдөр хадгалах, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
