Posts

Эрдэнэ Ресурс нь 2025 оны 3-р улирлын тайлан, Баянхөндий төслийн олборлолт, хайгуулын мэдээллийг танилцууллаа

Нүүр > Мэдээ > Хэвлэлийн мэдээ > Эрдэнэ Ресурс нь 2025 оны 3-р улирлын тайлан, Баянхөндий төслийн олборлолт, хайгуулын мэдээллийг танилцууллаа

Хэвлэлийн мэдээ 

Нова Скошиа муж, Халифакс хот

2025.11.04

Онцлох мэдээлэл

  • 9-р сарын 14-нд Баянхөндий төслийн анхны алтыг үйлдвэрлэсэн ба 2025 оны эцэст олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөж байна.
  • Зуун Мод молибден-зэсийн порфирийн төслийн шинэчилсэн, хараат бус эрдсийн нөөцийн тооцооллыг танилцуулсан.
  • Тэрэг Уул зэс-алтны порфирийн төслийг 80% хүртэл эзэмших боломжтой опцион гэрээнд гарын үсэг зурсан.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2025 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүү, үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн Баянхөндий алтны уурхайн (“БХ”) мэдээллийг хүргэж байна. 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан (“MD&A” эсвэл “Удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ”) нь энэхүү хэвлэлийн мэдээний салшгүй хэсэг бөгөөд SEDAR+; компанийн вебсайтаас танилцаж болно. Өөрөөр мэдээлээгүй бол бүх валют нь канад доллароор илэрхийлэгдсэн.

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли: “Манай баг хамт олон 3-р улиралд Баянхөндий алтны уурхайгаас анхны алтыг олборлосон томоохон амжилттай байлаа. Анхны цооногийг өрөмдсөнөөс эхлэн олборлолт хүртэл 10 жилийг зарцуулснаараа Баянхөндий төсөл нь орчин үеийн хайгуулын түүхэнд нээлтээс олборлолт руу хамгийн хурдан хугацаанд шилжсэн төслүүдийн нэг боллоо. Хуваарийн дагуу оны эцэст Баянхөндий уурхайн олборлолтыг эрчимжүүлж, тогтворжуулахаар төлөвлөж байна.”

“Баянхөндий ордыг тэлэх, нөөцийг нэмэгдүүлэх боломжийг судлах хайгуулын хөтөлбөрийг эхлүүлсэн. Эрдэнэ Монгол ХХК нь ирэх саруудад Хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 9,300 метрийн өрөмдлөгийг гүйцэтгэнэ.” Тэрээр үргэлжлүүлэн “Мөн бид өөрийн эзэмшлийн бусад төслийн хөгжүүлэлтийг тогтвортой ахиуллаа. 10-р сард Зуун Мод молибден-зэсийн төслийн хараат бус шинэчилсэн нөөцийн тооцооллыг танилцуулж, Ази тивд хөгжүүлэлт хийгдээгүй хамгийн том төслүүдийн нэг гэдгийг ахин баталгаажууллаа. Түүнчлэн, 7-р сард дэлхийн зэс-алтны хамгийн том ордуудын нэг Оюу Толгойтой зэрэгцээ орших талбайг 80% хүртэл эзэмших боломжтой опцион гэрээнд гарын үсэг зурсан. Одоогоор Зуун Мод төслийн өрөмдлөгийн хөтөлбөр эхэллсэн бөгөөд Тэрэг Уулын талбайд анхан шатны гадаргын судалгаа үргэлжилж байна.”

2025 оны 3-р улирлын онцлох үйл явдлууд:

Screenshot 2025 10 30 At 11.11.05 am

Зураг: цагийн зүүний дагуу: Баянхөндийн боловсруулах үйлдвэр, олборлолтын үйл ажиллагаа, Анхны алт үйлдвэрлэсэн болон боловсруулах үйлдвэрийн нээлт

Баянхөндий алтны уурхай – 50% хувь эзэмшил

  • 9-р сарын 14-нд анхны алтыг үйлдвэрлэсэн бөгөөд 2025 оны эцэст олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөж байна.
  • Эрдэнэ Монгол ХХК нь энэ улиралд 342 унц алт, 96 унц мөнгийг тус бүр US$3,805/унц болон US$44/унцын жигнэсэн дундаж ханшаар тооцоолж борлуулсан.
  • Баянхөндий боловсруулах үйлдвэр нь жилд 650,000 тонн хүдрийг боловсруулж, 85,000 унц алтыг олборлох хүчин чадалтай.
  • 3-р улиралд Баянхөндий уурхайн бүтээн байгуулалт, туршилт тохируулга, зөвшөөрөл нийцлийн ажлуудыг эцэслэсэн.
  • Анхны алтыг олборлохоос өмнө буюу 9-р сард хуурай болон нойтон туршилтыг эцэслэсэн.
  • 9-р сарын эцэст 133 мянган тонн хүдэр, 1.8 сая тонн чулуулаг буюу нийт 2.1 сая тонн материал олборлосон.
  • 9-р сарын 30-ны байдлаар 2.30 г/т алтны агуулга, 1.27 г/т мөнгөний агуулга бүхий 111 мянган тонн хүдэр хүдрийн овоолгод хадгалагдаж байна.
  • Баянхөндий уурхайн орчмын нөөцийг нэмэгдүүлэх, тэлэх зорилгоор хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрийг боловсруулав.
  • Баянхөндий, Хар Морь болон Алтан Сум бүсүүдэд 9,300 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөсөн. 
  • Орон нутгийн хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэв. 
  • Уурхайн талбайд ажиллаж буй ажилтнуудын ойролцоогоор 35% нь Баянхонгор аймгийн иргэд байна. 
  • Тайлант хугацааны эцэст Эрдэнэ Монгол ХХК нь аймаг болон сумын удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсан.
  • Уурхайн талбайд үйлчилгээ үзүүлэх болон байгаль орчны хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн гэрээт компаниудтай хамтран ажиллаж байна.

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуул, хөгжүүлэлт

  • Зуун Мод төслийн хараат бус, шинэчилсэн эрдсийн нөөцийн тооцооллыг 10-р сарын 2-нд танилцуулсан.
  • Молибденийн Баттай болон Бодитой нөөц 22%-аар өсөж 333 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 95%-аар өсөж, 300 сая фунт болсон.
  • Зэсийн Баттай болон Бодитой нөөц 16% өсөж, 384 сая фунт (“Mlbs”), Боломжтой нөөц 75% өсөж 350 сая фунт болсон.
  • Техникийн тайланг 11-р сарын дундуур SEDAR+ дээр нийтэлнэ.

Компанийн тухай

  • Тэрэг Уул зэс-алтны порфирийн илрэл бүхий талбайн 80 хүртэл хувь эзэмших эрхийг авах опцион гэрээнд гарын үсэг зурсан.
  • Төслийн талбай нь Оюу Толгой зэсийн ордын трендийн дагуу баруун урд зүгт 10 орчим км-ийн зайд байрладаг.
  • 9-р сарын 2-нд нийт энгийн хувьцааг 6:1 харьцаатайгаар нэгтгэсэн.
  • Энгийн хувьцааны тоо хэмжээ нь 366,351,958-аас 61,063,549 болж буурсан.
  • 2025 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд Компанийн цэвэр алдагдал $2,748,830 байсан ба 2024 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $1,687,580 цэвэр алдагдалтай байв.
  • 2025 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд хайгуул болон үнэлгээний зардал нь $579,333 байсан ба өмнөх оны мөн үеийн $215,903-той харьцуулахад өссөн дүн юм. Зардлын өсөлт нь Тэрэг Уул талбайн хайгуулын зардлууд болон шинэ төслүүдийн үнэлгээний зардал нэмэгдсэнтэй холбоотой.
  • Компанийн ерөнхий болон захиргааны зардал нь 2025 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд $864,892 байсан ба өнгөрсөн оны мөн үеийн $582,089-тэй харьцуулахад өссөн дүн юм. Энэ нь стратегийн зөвлөхөд олгосон опционтой холбоотойгоор хувьцаанд суурилсан урамшууллын зардал нэмэгдсэн болон 2025 оны 9-р сарын 2-нд гүйцэтгэсэн хувьцааны нэгтгэлтэй холбоотой мэргэжлийн үйлчилгээ, зохицуулагч байгууллагын төлбөрийн өсөлтөөс үүдэлтэй.
  • Хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын алдагдал (Эрдэнэ Монгол ХХК-д хамаарах хувь хэмжээ) нь $1,347,317 байсан ба өнгөрсөн оны мөн үеийн $918,649-тэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ нь Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг эцэслэх санхүүжилттэй холбоотой Эрдэнэ Монголын хүүгийн зардал өссөн ба тодорхой хэсэг нь 2025 оны 9-р сард борлуулсан алтны орлогоор нөхөгдсөн.

Үр дүнг танилцуулах вебкастын тухай

Компани 2025 оны 11-р сарын 5-нд, 10:00 цаг (Eastern Time)-т санхүүгийн үр дүн болон үйл ажиллагааны талаар танилцуулах вэбкаст зохион байгуулна. Вэбкаст-д нэвтрэх холбоос: ЭНД ДАРНА уу (Вебкаст нь компанийн цахим хуудас дээр байршина)

Бичлэг хийгдсэний дараа нэг жилийн хугацаанд ижил холбоосоор үзэх боломжтой.

Холбогдох дугаарууд:

  • Хойд Америк (төлбөргүй): 1-800-717-1738
  • Канад, олон улс (Торонто): 1-289-514-5100

Мэргэшсэн этгээд 

Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн ахлах геологич бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба хэвлэлийн мэдээг Эрдэнэ Ресурсийн зүгээс хянан баталгаажуулсан болно. 

Компанийн тухай

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Тус компани нь өндөр агуулга, бага өртөгтэй Баянхөндий ордыг олборлолтын шат руу хөгжүүлэн алт олборлон үйлдвэрлэж байна. Компанийн хувь эзэмшилд Баянхөндий алтны уурхай орчмын Хөндий Эрдсийн Дүүрэг дэх үнэт болон суурь металлын төслүүд багтаж байгаа нь компанийн тогтвортой өсөлт, ирээдүйн хөгжлийн суурийг бүрдүүлдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQB Венчур зах зээлд (OTCQB:ERDCD) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн цахим хуудас www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээлэл зѳвхѳн Компанийн цахим хуудсаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид уг сайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.

Урьдчилсан таамаглал 

Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ 

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ. 

Холбоо барих 

Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал 

Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал 

Утас: (902) 423-6419

И-мэйл: [email protected]

Twitter:           https://twitter.com/ErdeneRes

Facebook:     https://www.facebook.com/ErdeneResource

LinkedIn:        https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/

Logo
Privacy Overview

This website uses cookies so that we can provide you with the best user experience possible. Cookie information is stored in your browser and performs functions such as recognising you when you return to our website and helping our team to understand which sections of the website you find most interesting and useful.