Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.06.26
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX:ERDCF) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь энгийн нөхцөлтэй үнэт цаасаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр (“Normal Course Issuer Bid” буюу “NCIB”) хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулахад таатай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Компани нь эргэлтэд буй энгийн хувьцаанаас 4,900,000 хүртэлх ширхгийг худалдан авч хүчингүй болгох боломжтой бөгөөд энэ нь 2026 оны 6-р сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлд эргэлтэд буй 49,386,538 ширхэг энгийн хувьцааны (“public float”) ойролцоогоор 10%-тай тэнцэнэ. 2026 оны 6-р сарын 17-ны өдрийн байдлаар Компанийн нийт гаргасан болон эргэлтэд буй энгийн хувьцааны тоо 65,493,042 ширхэг байна.
Хөтөлбөрийг 2026 оны 6-р сарын 30-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх бөгөөд 2027 оны 6-р сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй байна. Тус хөтөлбөрийн хүрээнд эргүүлэн худалдан авах энгийн хувьцааны дээд хэмжээг хугацаанаас өмнө бүрэн худалдан авсан тохиолдолд хөтөлбөрийг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.
Хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийн хүрээнд Компани нь энгийн хувьцаагаа Торонтогийн хөрөнгийн бирж, бусад Канадын эрх бүхий хөрөнгийн биржүүд болон/эсвэл өөр төрлийн арилжааны системүүдээр дамжуулан тухайн үеийн зах зээлийн үнээр нээлттэй зах зээлээс худалдан авахаар төлөвлөж байна. Худалдан авалтыг Торонтогийн хөрөнгийн биржийн дүрэм журам болон холбогдох бирж, арилжааны системүүдийн шаардлагын дагуу хэрэгжүүлнэ. Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэг арилжааны өдөрт худалдан авч болох энгийн хувьцааны дээд хэмжээ нь 41,011 ширхэг бөгөөд энэ нь 2026 оны 5-р сарын 31-нд дуусгавар болсон зургаан сарын хугацааны нэг өдрийн арилжааны дундаж хэмжээ болох 164,046 ширхэг хувьцааны 25%-тай тэнцүү байна. Харин багцын арилжаанд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй. Хөтөлбөрийн хүрээнд эргүүлэн худалдан авсан бүх энгийн хувьцааг компанийн санд буцаан төвлөрүүлж, хүчингүй болгоно.
Компанийн удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл нь хөтөлбөр хэрэгжих хугацаанд Эрдэнэ Ресурсийн санхүүгийн гүйцэтгэл, ирээдүйн төлөвтэй харьцуулахад Компанийн энгийн хувьцааны зах зээлийн үнэ бодит үнэлгээнээс доогуур үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна. Иймээс Компанийн удирдлага энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгийг үр ашигтай ашиглах нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохистой арга хэмжээ гэж харж байна.
Хөтөлбөрийн хүрээнд компани нь энгийн хувьцааг заавал худалдаж авах үүрэг хүлээхгүй. Худалдан авалтын хугацаа болон хэмжээг зах зээлийн нөхцөл байдал болон компанийн үйл ажиллагааны бусад хүчин зүйлсийг харгалзан Компанийн удирдлага тухай бүр шийдвэрлэнэ. Компани нь хөтөлбөрийг хэзээ ч түр зогсоох эсвэл бүрэн дуусгавар болгох эрхтэй. Компани өмнө нь дээрхтэй адил хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдан аваагүй болно.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын хязгаарлагдмал хайгуул хийгдсэн бүс нутагт өндөр агуулга бүхий Баянхөндий алтны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй уул уурхайн компани юм. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдийн хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Энэхүү хэвлэлийн мэдээнд багтсан Эрдэнэ Ресурстай холбоотой зарим мэдээлэл нь холбогдох үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд ирээдүйн үр дүнг төсөөлсөн урьдчилсан таамаглалыг (forward-looking statements) агуулах боломжтой. Урьдчилсан таамаглалд тооцоолол, төлөвлөгөө, хүлээлт, санал дүгнэлт, төсөөлөл, таамаглал, чиглэл болон бодит баримт биш бусад мэдэгдэл, үүнд NCIB хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэх болон үргэлжлэх хугацаа, мөн уг хөтөлбөрийн хүрээнд худалдан авч болох хувьцаатай холбоотой мэдэгдлүүд багтана. Эрдэнэ Ресурс нь эдгээр урьдчилсан таамаглалд тусгагдсан хүлээлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч тэдгээр нь бодитой хэрэгжинэ гэсэн аливаа баталгаа өгөх боломжгүй. Компанийн үйл ажиллагааны бодит үр дүнд Компанийн хяналтаас гадуур олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд ирээдүйн үйл явдал, үр дүн нь одоогийн төсөөлж буй байдлаас мэдэгдэхүйц ялгаатай байж болохыг анхааруулж байна. Урьдчилсан таамаглалд дурдсан үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсэд гуравдагч этгээдийн зөвшөөрөл авах, зах зээлийн ханш, олборлолт болон хайгуулын үр дүн, хөрөнгө болон санхүүжилтийн эх үүсвэрийн хүртээмж, түүнчлэн эдийн засаг, зах зээл болон бизнесийн ерөнхий нөхцөл байдал зэрэг орно. Урьдчилсан таамаглал нь бүхэлдээ энэхүү анхааруулгын мэдэгдлээр хязгаарлагдана. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан мэдээлэл нь нийтэлсэн өдрийн байдлаарх мэдээлэл бөгөөд түүнээс хойш өөрчлөгдөж болно. Холбогдох үнэт цаасны хууль тогтоомжид өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд Компани нь эдгээр урьдчилсан таамаглалыг шинэчлэх, өөрчлөн найруулах аливаа үүрэг хүлээхгүй.
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: info@erdene.com
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
