АНУ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД ТАРААХ ЗОРИЛГОГҮЙ БОЛНО.
Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.02.05
Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQX: ERDCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь 2026 оны 1 дүгээр сарын 26-нд мэдээлсэн хаалттай, тогтоосон үнээр худалдан авах баталгаа гаргасан санхүүжилтийг эцэслэн, нэгж бүр нь $8.90 кан.долларын үнэлгээ бүхий 3,230,000 ширхэг энгийн хувьцаа (“Энгийн хувьцаа”)-г нэмж гарган, андеррайтерийн опционыг бүрэн хэрэгжүүлсний дүнд нийт $28,747,000 (“Санхүүжилт”) канад долларын хөрөнгийг татан төвлөрүүлснийг танилцуулахад таатай байна. Санхүүжилтэд Парадайм Капитал Инк (“Парадайм”), Нэйшнл Банк Файнаншл (“National Bank Financial Inc.,”) (“андеррайтер” буюу “co-lead underwriters”) нар тэргүүлэгч андеррайтераар ажилласан бөгөөд Би Эм Өү Капитал Маркетс (“BMO Capital Markets”) хамтран андеррайтер (нийтэд нь “андеррайтерууд” гэх)-аар оролцсон.
Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Ази тив дэх хамгийн ирээдүйтэй шинэ эрдсийн бүсүүдийн нэг болох Хөндий Эрдсийн Дүүргийг хурдацтай хөгжүүлэх боломжийг бидэнд олгож байна. Баянхөндий алтны уурхайн олборлолт тогтворжиж буйтай уялдан, стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг цаашид олборлолтоос бий болох мөнгөн урсгалаар санхүүжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэхүү санхүүжилтийг бид компанийн 100 хувь эзэмшлийн төслүүдийг урагшлуулахад чиглүүлнэ. Үүнд: 2026 оны дунд үед анхан шатны эдийн засгийн тооцооллыг танилцуулахаар төлөвлөж буй Зуун Мод молибден-зэсийн төсөл, Хөвийн Хар зэсийн илрэл, мөн өндөр хэтийн төлөв бүхий бүс нутаг дахь хайгуул, төслийн үнэлгээний ажлууд, түүнчлэн ирээдүйн худалдан авалтууд багтана.”
Энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлэх цэвэр орлогыг Компанийн 100 хувь эзэмшлийн лицензийн талбай дахь Зуун Мод молибден-зэсийн орд, Хөвийн Хар зэсийн нээлтийг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн системийн хайгуул, техникийн судалгаа болон төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээ, Компанийн ерөнхий үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.
Санхүүжилтийг Торонтогийн хөрөнгийн биржийн зөвшөөрлийг авснаар эцэслэнэ. Энгийн хувьцааг Канад Улсын Үнэт цаасны журмын 45-106 дугаартай Үндэсний баримт бичгийн “Проспектусын зарим шаардлагаас чөлөөлөгдөх” 5А хэсэг, мөн “Бүртгэлтэй компанийн санхүүжилтийн хүрээнд зарим нөхцөлөөс чөлөөлөөгдөх тухай” 45-935 дугаартай нэмэлт өөрчлөлтийн дагуу Квебек мужаас бусад Канад Улсын бүх муж, бүс нутгийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжина. “Бүртгэлтэй компанийн санхүүжилтийн хүрээнд зарим нөхцөлөөс чөлөөлөөгдөх тухай” заалтын дагуу энэхүү санхүүжилтийн хүрээнд гаргасан энгийн хувьцаанд Канад Улсын үнэт цаасны хууль тогтоомжид заасан арилжаалахгүй байх хугацаа (“hold period”) хамаарахгүй.
Компанийн дотоод мэдээлэлтэй этгээд тус санхүүжилтийн хүрээнд 568,000 ширхэг энгийн хувьцаа худалдан авсан тул уг санхүүжилт нь “Олон талт баримт бичиг 61-101 – Тусгай хэлцэл дэх жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах” (“MI 61-101”)-д заасан утгаар холбогдох этгээдтэй хийсэн хэлцэлд хамаарч байна. Гэвч тус дотоод мэдээлэлтэй этгээдийн оролцооны шударга зах зээлийн үнэлгээ нь Компанийн нийт зах зээлийн үнэлгээний 25 хувиас хэтрээгүй тул Компани нь MI 61-101-ийн 5.5(a) болон 5.7(1)(a)-д заасан үнэлгээ хийлгэх болон жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл авах шаардлагаас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж байна. Мөн, санхүүжилтийг хаахаас дор хаяж 21 хоногийн өмнө дотоод мэдээлэлтэй этгээдийн оролцоо тодорхой байх боломжгүй байсан тул Компани нь энэхүү этгээдтэй хийсэн хэлцэлтэй холбоотой материаллаг өөрчлөлтийн тайланг урьдчилан гаргаагүй болно.
Дээрх санал болгож буй үнэт цаас нь АНУ-ын 1933 оны Үнэт цаасны тухай хууль (the “U.S. Securities Act”) (нэмэлт өөрчлөлт орсон байдлаар), эсвэл АНУ-ын аливаа мужийн үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу бүртгэгдээгүй бөгөөд цаашид ч бүртгэгдэхгүй. Иймд АНУ-ын Үнэт цаасны тухай хууль болон холбогдох муж улсын бүх үнэт цаасны хуулийн дагуу бүртгүүлээгүй, эсхүл тэдгээр шаардлагаас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаагүй тохиолдолд АНУ-д санал болгох, худалдах, арилжихыг хатуу хориглоно. Энэхүү хэвлэлийн мэдээ нь АНУ-д үнэт цаас худалдах, худалдан авахыг уриалсан санал, уриалга биш бөгөөд тухайн үнэт цаасыг хууль бус гэж үзэх аливаа улс, харьяалалд худалдах, санал болгох боломжгүй.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь өндөр агуулга, бага зардал бүхий Баянхөндий алтны ордын олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт байрлах Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдэд хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) тус тус бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
