АНУ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД ТАРААХ ЗОРИЛГОГҮЙ БОЛНО.
Хэвлэлийн мэдээ
Нова Скошиа муж, Халифакс хот
2026.01.26
Эрдэнэ Ресурс Девелопмент Корп. (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB: ERFCF) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Парадайм Капитал Инк (“Парадайм”)-тай гэрээ байгуулснаа мэдэгдэхэд таатай байна. Уг гэрээний дагуу Парадайм нь Нэйшнл Банк Файнаншл (“National Bank Financial Inc.,”)-тэй хамтран, андеррайтеруудын синдикатын нэрийн өмнөөс тэргүүлэх андеррайтер (“андеррайтер” буюу “co-lead underwriter, joint bookrunner”) (нийтэд нь андеррайтерууд гэх)-аар ажиллах бөгөөд андеррайтерууд нь тогтоосон үнээр худалдан авах баталгаа бүхий хаалттай санхүүжилтийн хүрээнд Компанийн нийт 2,809,000 ширхэг энгийн хувьцаа (“Энгийн хувьцаа”)-г нэгж бүрийг $8.90 канад долларын (“гаргах үнэ”) үнээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд үүний үр дүнд нийт 25,000,100 канад доллар ($25,000,100)-ын хөрөнгийг татан төвлөрүүлэх юм (“Санхүүжилт”).
Компани нь андеррайтеруудад нэгж бүрийг гаргах үнээр худалдан авах нөхцөлтэйгөөр 421,000 хүртэлх нэмэлт энгийн хувьцааг худалдан авах опцион (“андеррайтерийн опцион”) олгосон бөгөөд уг опционыг санхүүжилтийн хаалтын өдрөөс дор хаяж 48 цагийн өмнө Компани руу бичгээр мэдэгдэл хүргүүлснээр хэрэгжүүлэх боломжтой.
Энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлэх цэвэр орлогыг Компанийн Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хамаарахгүй төсөл хөтөлбөрүүдийн хайгуулын болон техникийн судалгаанд зарцуулах ба үүнд Компанийн 100 хувь эзэмшлийн лицензийн талбай дахь Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем багтана. Түүнээс гадна, төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээ, Компанийн ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.
Энгийн хувьцааг Канад Улсын Үнэт цаасны журмын 45-106 дугаартай Үндэсний баримт бичгийн “Проспектусын зарим шаардлагаас чөлөөлөгдөх” 5А хэсэг, мөн “Бүртгэлтэй компанийн санхүүжилтийн хүрээнд зарим нөхцөлөөс чөлөөлөөгдөх тухай” 45-935 дугаартай нэмэлт өөрчлөлтийн дагуу Квебек мужаас бусад Канад Улсын бүх муж, бүс нутгийн хөрөнгө оруулагчдад санал болгон арилжина. Мөн Компани болон андеррайтерууд харилцан тохиролцсоноор Канад Улсаас гаднах бусад улс, бүс нутагт тухайн улсын хууль тогтоомжид нийцүүлэн, холбогдох проспектус болон бүртгэлийн шаардлагаас чөлөөлөгдөх зохицуулалтын хүрээнд, санал болгох боломжтой. “Бүртгэлтэй компанийн санхүүжилтийн хүрээнд зарим нөхцөлөөс чөлөөлөөгдөх тухай” заалтын дагуу энэхүү санхүүжилтийн хүрээнд гаргасан энгийн хувьцаанд Канад Улсын үнэт цаасны хууль тогтоомжид заасан арилжаалахгүй байх хугацаа (“hold period”) хамаарахгүй.
Энэхүү санхүүжилттэй холбоотой бичиг баримттай компанийн вебсайт www.erdene.com болон www.sedarplus.ca вебсайт дахь Эрдэнэ Ресурсийн хуудсаас танилцана уу. Ирээдүйн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахаасаа өмнө санхүүжилттэй холбоотой бичиг баримттай сайтар танилцана уу.
Энэхүү санхүүжилтийг Торонтогийн хөрөнгийн биржийн бүртгэлийн журам болон холбогдох зохицуулагч байгууллагуудын бүх зөвшөөрөл, хаалтын нөхцөлийг бүрэн хангасны үндсэн дээр 2026 оны 2-р сарын 5-ны өдөр эсвэл түүнтэй ойролцоо хугацаанд эцэслэхээр төлөвлөж байна.
Дээрх санал болгож буй үнэт цаас нь АНУ-ын 1933 оны Үнэт цаасны тухай хууль (the “U.S. Securities Act”) (нэмэлт өөрчлөлт орсон байдлаар), эсвэл АНУ-ын аливаа мужийн үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу бүртгэгдээгүй бөгөөд цаашид ч бүртгэгдэхгүй. Иймд АНУ-ын Үнэт цаасны тухай хууль болон холбогдох муж улсын бүх үнэт цаасны хуулийн дагуу бүртгүүлээгүй, эсхүл тэдгээр шаардлагаас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаагүй тохиолдолд АНУ-д санал болгох, худалдах, арилжихыг хатуу хориглоно. Энэхүү хэвлэлийн мэдээ нь АНУ-д үнэт цаас худалдах, худалдан авахыг уриалсан санал, уриалга биш бөгөөд тухайн үнэт цаасыг хууль бус гэж үзэх аливаа улс, харьяалалд худалдах, санал болгох боломжгүй.
Компанийн тухай
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь өндөр агуулга, бага зардал бүхий Баянхөндий алтны ордын олборлолтоос гадна Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани. Компани нь Хөндий Эрдсийн Дүүрэгт байрлах Баянхөндий алтны төслийн орчимд хэд хэдэн үнэт болон суурь металлын төслүүдэд хувь эзэмшдэг. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто (TSX:ERD) болон Монголын хѳрѳнгийн биржүүд (MSE:ERDN) ба OTCQX зах зээлд (OTCQX:ERDCF) тус тус бүртгэлтэй. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй Компанийн вебсайт www.erdene.com-оос танилцах боломжтой. Компанийн талаарх чухал мэдээллүүд нь зѳвхѳн Компанийн вебсайтаар дамжин хүрдэг тул хѳрѳнгѳ оруулагчид вебсайтаар дамжуулан бодит мэдээлэл авахыг зөвлөж байна.
Урьдчилсан таамаглал
Зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна. Урьдчилсан таамаглал нь урьд болж байсан болон ирээдүйд болох бодит баримт биш ба зѳвхѳн ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ, стратеги, тѳсѳл, нѳхцѳл байдалд тулгуурласан үзэл баримтлал, магадлал болон таамаглал болно. Энэхүү таамаглалууд нь тодорхой үндэслэлд тулгуурласан боловч баталгаа биш юм. Компанийн үйл ажиллагаа нь олон хүчин зүйлээс шалтгаалах бѳгѳѳд зарим хүчин зүйлс нь Компанийн хяналтаас давсан байх магадлалтай ирээдүйд учирч болох хүчин зүйлс юм. Материаллаг ѳѳрчлѳлт үзүүлэх боломжтой хүчин зүйлсэд эрдсийн зах зээлийн үнэ, хайгуулын үр дүнгүүд, бизнесийн болон зах зээлийн орчин, эдийн засгийн байдал болон санхүүжилт, хѳрѳнгѳ босголт зэрэг орно. Дээр дурдсан мэдээллүүд нь ирээдүйд ѳѳрчлѳгдѳн хувирах магадлалтай. Компани нь Үнэт цаасны хуульд ѳѳрѳѳр заагаагүй тохиолдолд Урьдчилсан таамаглалыг ѳѳрчлѳн, шинэчлэх үүрэг хүлээхгүй. Орчуулга: Энэхүү хэвлэлийн мэдээ нь англи хэл дээр бэлтгэгдсэн хэвлэлийн мэдээний орчуулга болно. Англи, монгол хувилбаруудын хооронд зѳрүү эсвэл зѳрчилдѳх зүйл гарвал англи хэл дээрх хувийг мѳрдѳнѳ
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХАД ЯМАРВАА НЭГЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРСӨН, ҮЛ ЗӨВШӨӨРСӨН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ.
Холбоо барих
Петер К. Акерли, Ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх захирал
Роберт Женкинс, Санхүү хариуцсан захирал
Утас: (902) 423-6419
И-мэйл: [email protected]
Twitter: https://twitter.com/ErdeneRes
Facebook: https://www.facebook.com/ErdeneResource
LinkedIn: https://www.linkedin.com/company/erdene-resource-development-corp-/
